-Ерөнхийлөгчийн санаачилсан төвийг сахих бодлого нь гадаад харилцааны бодлогыг өөр зүгт эргүүлэх, шинэчлэх оролдлого огт бус харин өдгөөг хүртэлх хүсэл эрмэлзлээ хуулийн хүрээнд хэлбэржүүлэх алхам гэж ойлгогддог-
Монгол Улс даяаршин буй дэлхийн ертөнцийн хөгжлөөс тасарч хоцрохгүй нь тодорхой боловч харин тэрхүү үйл явц дунд идэвхтэй оролцогч, тоглогч, цаашлаад хожигч болох том эрмэлзэл, амбицийг тээж буй. Ази, Европыг холбосон байршил, хоёр том гүрний дунд оршин буй ардчиллын цэнхэр бүс, хүний эрх, эрх чөлөөний биелэл, байгалийн баялгийн арвин нөөц, агуу түүх, үндэсний хэл, соёл бүхий Монгол орон ба монголчуудад ирээдүйгээ тийнхүү томоор харах, төсөөлөх учир шалтгаан хангалттай бий юм.
Харин тэрхүү том эрмэлзлээ бид зөв тодорхойлж, түүнд хүрэх бодлогоо онож нэрлэх цаг болсныг сануулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад харилцаандаа төвийг сахих бодлогыг тунхаглах, үүнийгээ хуульчлах санаачилгыг өнгөрсөн онд дэвшүүлсэн юм. Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-д өргөн барьснаас хойш олон нийт болон судлаач, мэргэжилтнүүдийн дунд өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг хангалттай өрнөснийг уншигчид санаж байгаа байх.
Монгол Улс гадаад харилцааны бодлогодоо хоёр хөрштэйгээ харилцахыг нэгдүгээрт тавьж, харин гуравдагч хөршөөр тодорхой зарим улсыг нэр заасан байдаг. Гадаад харилцааны үзэл баримтлалдаа тусгасан энэхүү бодлогыг судлаач Ж.Баясах гуай нэгэнтээ “босоо тэнхлэг”-ийн бодлого гэж нэрлээд цаашид “хэвтээ тэнхлэгээр” хөгжих ёстой гэж хэлсэн нь бий. Магадгүй бид хоёр хөрш нэгдүгээрт, бусад нь гуравдугаарт гэж ялгахгүйгээр “хэвтээ тэнхлэг” бүхий гадаад бодлоготой баймааж нь хавтгай дэлхий дээрх даяаршлын эринд хол илүү урагшилж чадах байх. Энэ нь чухамдаа гадаад харилцаан дахь Төвийг сахих бодлогоор дамжин хэрэгжинэ гэсэн санааг ч тухайн үед судлаачид хэлж байв.
Өнөөдрийг хүртэл манай улсын баримталж ирсэн гадаад харилцааны бодлого нь нэг талын үзэл баримтлалд хэтийдэж, нөгөө талыг хохироохгүй гэсэн төвч байр суурин дээр хэлбэрэлтгүй зогсч ирсэн учраас Төвийг сахих статус гэдэг шинэ зүйл биш юм. Үүнийгээ эрхзүйн баримт бичгийн хүрээнд бататган тодорхойлж, ил нээлттэй зарлах нь оновчтой төдийгүй олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд төвлөрөх, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эерэг үр дагаврыг авчрах давуу талтай.
Төвийг сахина гэдэг нь аль нэг эвсэлд орохгүй, аль нэг улсыг дагаж туйлшрахгүй, тэнцвэртэй гадаад бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Нэг үгээр бол гадаад харилцаагаа хэвтээ тэнхлэгээр хөгжүүлж, хоёр хөршөөс цааш Европын холбоо, зүүн тийш Ази номхон далайн улсууд, БНСУ, Япон, Америкийг хүртэл хамарсан эн тэнцүү харилцааг хөгжүүлэх тухай ойлголт юм. Ерээд оноос хойш зорьж ирсэн нээлттэй гадаад харилцаа, чөлөөт эдийн засгийн бодлогын маань нэг зорилт нь “гуравдагч хөрш”-ийн бодлого буюу хэвтээ тэнхлэгээр хөгжих явдал байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан төвийг сахих бодлого нь гадаад харилцааны бодлогыг өөр зүгт эргүүлэх, шинэчлэх оролдлого огт бус харин өдгөөг хүртэлх хүсэл эрмэлзлээ хуулийн хүрээнд хэлбэржүүлэх алхам гэж ойлгогддог. Парламент уг санаачилгыг нухацтай авч үзэх, шаардлагатай гэвэл бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн ч болох тухай саналууд гарч байв. Гэвч өргөн баригдсан Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэхээ шийдвэрлэж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгох гэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН