Цахим ертөнцөд нэгэн зураг чамгүй хандалт шэйр авсан нь Цагаан хоолой барьсан эмч, сувилагч бүсгүй гэр хорооллын гудамжинд вакцинаа хийлгэхийг уриалж байгаа зураг байв. Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг. Гэвч, өвчин тусахаас өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх боломж бий.
Он гарсаар 60 гаруй хүүхдийн амийг авч одсон улаанбурхан өвчнийг залуус тусах явдал цөөнгүй байна. Тиймээс 18-30 насны залуусыг вакцинжуулах аянг эхлүүлсэн бөгөөд дуусахад гуравхан хоног үлджээ.
Гэр рүүгээ орохоор байрныхаа гадаа алхаж явсан залууг өрхийн эмч нь дуудаж, насыг нь асуун албадан тарьсан, орон нутагт авто замын хяналтын постууд дээр эмч сувилагч нар зогсч, пост нэвтрэхээр завдсан машин бүрийг шалгаж 18-30 насныханд вакцинаа хийлгэхийг үүрэгдэж, шууд тарьсан тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд олон бичигдэж байна. Зарим нь бүр эмнэлгийнхэн яагаад албадан тариад байна. Үүний цаана ямар бодлого нуугдав зэргээр хардаж байлаа. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тариа тарихаар эргүүлд гарсан эмч, сувилагч нараас зарим залуус “Зүү хатгавал өвдөх үү, тарианаас аймар айдаг учраас тариулмааргүй байна.
одоо би завгүй байна, та нар яагаад наад вакцинаа тарих гээд улаарайд байгаа юм бэ?" гэх мэтээр асууж, тайлбар хийсэн тухай ч эмч нар ярилаа. Саяхан л монголчууд улаанбурхнаар нялхсаа алдаж буйдаа эмгэнэж, олон залуус сайн үйлсийн аян зарлаж, ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, улаанбурхны эсрэг тэмцэж байв. Харин салбарын яамнаас нэгдсэн бодлогоор аав, ээж болох насны болоод зах зээлийн шилжилтийн үед тариа тариулах боломжгүй явсан 1986-1998 онд төрсөн залуусыг сонгож дархлаажуулах вакциныг хийхээр шийдвэрлэж, орон даяар нэгэн зэрэг вакцинжуулалтыг аяныг эхлүүлсэн билээ. Яагаад 18-30 насныхныг заавал сонгов гэдгийг энд тайлбарлъя. Өнгөрсөн хугацаанд улаанбурхны халдвараар өвдсөн өвчтнүүдийн ихэнх нь төрөөд есөн сар ч хүрээгүй нялхас болоод багадаа улаанбурхны халдвараар өвдсөн ч дархлаагүй болсон өсвөр насны залуус байсан юм. Есөн сар ч хүрээгүй бяцхан үрсд тариа тарьж болохгүй учир хүүхэд төрүүлэх магадлалтай 18-30 насныхныг сонгож, дархлаажуулалтын вакциныг тарихаар болжээ. Энэ нь дархлаатай аав, ээжээс дархлаатай хүүхэд төрнө. Иймээс тухайн хүүхэд элдэв төрлийн халдвар авах нь бага байна гэж эмч нар тооцсон байна. Өөрөөр хэлбэл улаанбурхны халдварыг даалгүй эндэх нялхсаа үхлээс хамгаалах нэг арга юм.
Бусад насныхан 12 мянган төгрөг төлж, вакцин хийлгэх боломжтой
Сайны хажуугаар саар гэгчээр энэ өвчнийг далимдуулан сонгуулийн пиараа ч хийх гэж оролдсон хэд хэдэн хүн байсныг эргэн сануулах нь зүйтэй байх. Зарим нь бүр иргэдээ “Вакцинжуулалтаар ялгаварлалаа. 18-30 наснаас бусад хүмүүс хүн биш юм байна” гэсэн эсэргүүцлэлийн мессежийг нийгэмд илгээгээд амжсан. Үүнд дахин тайлбар хийхэд улаанбурхныг халдварыг хамгийн түрүүнд авах эрсдэлтэй 1986-1998 насныханд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийж буй бол бусад насны иргэдэд өөрөө хүсвэл харьяа өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ-д очин 12 мянган төгрөг төлж, дархлаажуулалтын вакциныг хийлгэх боломжтой.
Он гарсаар 94 хүүхэд улаанбурхны халдварыг даалгүй энджээ
Эрүүл мэнд, спортын яамнаас гаргасан тоон мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улаанбурхны халдвараар 105 хүн энджээ. Нас барсан хүмүүсийн 90 хувь 94 нь 0-8 сартай нялхас байсныг салбарын яам нь судалгаандаа дурдсан байх. Хэдэн жил нам гүмхэн байсан улаанбурхны халдвар эргэн яагаад Монголыг донсолгов. Энэ асуултад эмч нар шинэ төрлийн халдварын үүсгэгч бактери гарсан. Бактерийн эх үүсвэр урд хөршөөс үүдэлтэй гэсэн хариулт өгсөн билээ.
300 гаруй мянган залуус дархлаажуулалтын вакцинаа хийлгээд байна
Нэгэнт халдвар үүсгэгч бактерийг устгаж чадахгүйгээс хойш улаанбурхны халдварыг хамгийн түрүүнд авах эрсдэлтэй 18-30 насныханд заавал улаанбурхан-улаануудын эсрэг дархлаажуулалтын вакцин тарих нь зөв гэсэн дүгнэлтийг салбарын яам нь ийнхүү гаргажээ. Ингээд Засгийн газар улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гаргаж, 2017 оны 11 дүгээр сард хугацаа нь дуусах 624 мянган тун вакцин оруулж ирсэн юм. Вакцин монголд бууснаас хойш 14 хоногийн дотор буюу энэ сарын 25-ны өдөр багтаж 600 мянган залууст тарина. Өөрөөр хэлбэл тариагаа хийлгүүлээгүй залууст гуравхан хоногийн хугацаа үлджээ. Өнгөрсөн 11 хоногийн хугацаанд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын заавал тариулах ёстой 600 гаруй мянган залуусын 52.1 хувь нь хамрагдсан байна. Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дундговь аймгууд хамралтын хувиараа тэргүүлж, харин Завхан, Төв, Дорнод, Хэнтий, Баян-Өлгий аймгийн залуус вакцинаа хийлгэхэд хойрго хандаж буйг салбарын яамнаас нь гаргасан графикаас харж болох юм.