Монголын нийгэм, улс төр зөвхөн сонгуулиар л “амьсгалж” байна. Харин сонгуулийн дараах эдийн засаг ямар байх бол гэдэгт аль ч нам санаа зовж байгаа юм алга. Ардчилсан нам болон Ардын намынхны хувьд “алаагүй баавгай”-н арьсан дээр зодолдож, ялалтаа булаацалдаад байгаа болохоос ялсан нам нь маш хүнд эдийн засаг хүлээж авна гэдгээ ойлгож байгаа юм алга. Эдийн засгийн ихэнх үзүүлэлт нь урвуугаа харж, хямрал айл өрх, албан байгууллага болгоны халаасыг тэмтэрч чухамдаа сонгуулийн дараах эдийн засгийн тун хүнд байна гэж эдийн засагчид анхааруулж буйг сонгуулиас өөрийг бодохгүй байгаа хоёр том намынханд сануулахад буруудахгүй биз. Ингээд Монголын эдийн засгаар сонин юу байгааг тоймлон хүргэе.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 3.1 ХУВЬТАЙ ГАРЛАА
Эдийн засгийн бодит өсөлт 2016 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1хувьтай гарлаа. Дээрх өсөлтөд уул уурхайн салбар 16.2 хувь, барилга 27.5 хувь, хөдөө аж ахуй 3.7 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 0.6 хувиар өссөн нь голчлон нөлөөлжээ. Харин боловсруулах үйлдвэрлэл 13.1 хувь, бөөний болон жижиглэн худалдаа 5.3 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 2.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 1.4 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.
ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 1.2 ТЭРБУМ ДОЛЛАР
Энэ оны эхний улирлын байдлаар гадаад валютын нөөц 4.4 хувиар буюу 58.6 сая ам.доллараар буурч 1.2 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын төлбөртэй импортын дүн буурснаар импортын хэрэгцээг хангах гадаад валютын нөөцийн түвшин 7 хувьд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр илүү байна.
ТӨГРӨГИЙН ХАНШ 3 ХУВИАР СУЛАРЧЭЭ
Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкнаас зарласан ханш 2015 оны эхний улиралд 12.1 хувиар тус тус суларч байсан бол 2016 оны гуравдугаар сарын байдлаар гурван хувь суларчээ. Гэхдээ тавдугаар сарын 20-ны байдлаар нэг ам.доллар “Найман шарга” зах дээр 2004 төгрөгтэй тэнцэж байна.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ УУЛ УУРХАЙН САЛБАРТ 24.9 ХУВЬТАЙ БАЙНА
2013 оны эхний хагас хүртэл тогтмол буурч байсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2016 оны нэгдүгээр улиралд 8.2 хувь болж өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувиар өсөв. Чанаргүй зээлийн харьцаа уул уурхайн салбарт 24.9 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 12.6 хувьтай байгаа нь дунджаас өндөр байгаа юм.
ОЮУТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ ЭЦЭСЛЭГДЭВ
"Оюутолгой" төслийн гүний уурхайн төсөл батлагдаж, зээлийн гэрээ эцэслэгдэв. Тодруулбал, АНУ, Канад, Австралийн Засгийн газрын харъяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээ эцэслэгдэн батлагдсанаар эхний ээлжийн хөрөнгө оруулалт ирэх зургадугаар сараас орж ирэхээр болов. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр тус компани жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Бүтээн байгуулалтын ажлын хамгийн ид үед гүний уурхайн төсөлд 3000 хүн ажиллах юм.
ТАВАНТОЛГОЙН ШИНЭ ХУВИЛБАРЫГ ӨРГӨН БАРИВ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг зургаан заалт бүхий тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Засгийн газраас боловсруулсан өмнөх төсөл шиг хүлээж авахгүй гэж УИХ-ын дарга “бойкот” зарласангүй. Тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй хэмээн тусгажээ.
Б.ХОНГОР