-Оффшортой нөхдүүдээсээ гадна төсвөөс хулгайлсан, төмөр замын мөнгийг идсэн, Сайншандын төслөөс зувчуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа гишүүдээ, авлигачдаа, хөрөнгө оруулалтыг үргээж, томоохон төслүүдээ гацаасан улстөрчдийг адилхан нэр дэвшүүлэхгүй гэж зарлавал Ардчилсан нам жинхэнээсээ гоё харагдана-
Өнгөрөгч Бямба гаригт олон нийтийн сүлжээнд хамгийн их түгж, хамгийн их хандалт авсан мэдээлэл нь УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдэл байлаа. Тэрбээр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт оролцох үеэр оффшор данстнуудтай холбоотойгоор илэрхийлсэн байр суурийг нь товчлон хүргэвэл “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэх үг. Түүний үг олон нийтийн сүлжээг хоёр талцуулж байгаа шиг уг асуудал нь өөрөө хэд хэдэн талтай юм.
Нэг.
Панамын оффшор компаниас алдагдсан оффшорын мэдээлэл дэлхий нийтэд шуугиан тариад удаж байна. Энэ үйл явдал Монголыг тойроогүй бөгөөд эргийн гадна мөнгөө хадгалсан дуулианд нэр холбогдоод буй 49 монгол иргэнээс С.Баярцогтыг муучлах, гутаах үйл ажиллагаа сүүлийн гурван жил үргэлжилсэн, энэ асуудлаас болоод Ардчилсан нам ч оффшортнуудаас “зайгаа” барихаар нэгэнтээ шийдсэн бололтой. Мэдээж, нэг талаасаа улс төрийн ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа ч нөгөө талаасаа бол шүүхээр шийтгүүлээгүй тохиолдолд хэн нэгэнтэй гэмт хэрэгтэн мэт харьцах нь ардчилал, хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэсэн үг.
Хоёр.
Дөрвөн жилийн өмнө оффшор данстай байсан нь анх илэрч, энэ явдлаасаа болоод өнөөг хүртэл баалуулж, шүүмжлүүлж, асуудалд орж, амны бай болж яваа хүн бол С.Баярцогт мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэрбээр энэ явдалдаа уучлалт гуйж, тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан юм. Хүнийг нэг үйлдэлд нь нэг удаа шийтгэх ёстой. Монгол Улсын аль ч хуулинд хүнийг нэг удаа шийтгэхээс хоёр удаа шийтгэдэг заалт байхгүй. Энэ утгаараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оффшор данстай, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэсэн “шийтгэл”-ээ нэгэнтээ хүлээсэн.
Гурав.
Оффшор данс нээх нь эрүүгийн гэмт хэрэг үү, эсвэл ёс зүйн асуудал уу. Монголд энэ талаар ямар нэгэн тодорхой хууль, дүрэм байхгүй. Эргийн гаднах мөнгө гэдэг утгаараа татвараас бултсан, аль эсвэл төсвөөс хулгайлсан мөнгөө нуусан гэх хандлага Монголд хүчтэй илэрч байна. Гэхдээ данс нээж, мөнгө байршууллаа гээд тэр нь татвараас нуугдсан мөнгө гэдгийг нотолсон нотолгоо байна уу? Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Татвар төлөхөөс зайлсхийж нуусан бол гэмт хэрэг. Татварын дараах мөнгөө байршуулсан бол эдийн засгийн эрх чөлөө” хэмээн тайлбарласан бий.
Дөрөв.
Оффшор данстай байсан, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлээгүй нь С.Баярцогтын буруу юу гэвэл буруу. Гэхдээ илэрсэн нь С.Баярцогт болохоос дэлхийн энд тэнд байгаа эргийн гаднах бүсэд мөнгөө нуугаад тэр нь илрээгүй хичнээн улстөрч Монголд байгааг хэлэхэд хэцүү.
Нөгөөтэйгүүр муу нэрийг хусавч арилахгүй гэсэн үг бий. Энэ үг өнөөдөр С.Баярцогтын орой руу орж байгаа нь лав. Татвараас бултаж, эсвэл төсвөөс хулгайлсан мөнгөө хаа нэгтээ нууж болно гэж боддог улстөрчид, бизнесийнхэн уг үйл явдал том сургамж болох ч биз. Гэхдээ энэ эвгүй байдлаас хэрхэн сугарч гарч байгаагаас С.Баярцогт том улстөрч мөн үү гэдэг нь харагдана.
Тав.
Ардчилсан намын дарга оффшор данс нээлгүүлснийх нь төлөө С.Баярцогтод шийтгэл хүлээлгэж, нэр дэвшүүлэхгүй байхаар шийджээ. Намынхаа ялалтын төлөө хэн нэгнээр золиос хийх нь З.Энхболдын хувьд хэцүү ч гэлээ улс төрийн соёл төлөвшил талаасаа зөв үйлдэл байж болно. Гэхдээ ганцхан С.Баярцогтыг оффшор данстай байсных нь төлөө яллаж байгаа бол увайгүй улс төр болно. Харин төсвөөс хулгайлсан, төмөр замын мөнгийг идсэн, Сайншандын төслөөс зувчуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа гишүүдээ, авлигачдаа, хөрөнгө оруулалтыг үргээж, томоохон төслүүдээ гацаасан улстөрчдийг адилхан нэр дэвшүүлэхгүй гэж зарлавал Ардчилсан нам жинхэнээсээ гоё харагдана. Тухайлбал, Тавантолгойн төслийг гацааж эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн Л.Эрдэнэчимэг, төмөр замын гэх хэргээр туслахууд нь шалгагдаж байгаа Х.Баттулга, 200 сая доллараар шороо овоолсон зөвлөх А.Гансүх нарыг Ардчилсан намын дарга З.Энхболд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ингээд зарлачихвал энэ удаагийн сонгуульд ялж магадгүй юм шүү. Энэ тохиолдолд З.Энхболд даргад “браво” гэж хэлье.
Эцэст нь:
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Ардчилсан намд ганцхан зүйл өөрчлөгдөөгүй үлджээ. Тэр нь өрсөлдөгчидтэйгөө нийлж өөрсдийгөө намнах явдал. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрсөлдөгчдөөсөө илүү “өвдөлт” амссан хийгээд өөрийнхнөө дэгээдэж, хамгийн их шархдаж, хамгийн ихээр хохирч үлдэж байгаа нь Ардчилсан нам өөрөө юм.
Ж.НЯМСҮРЭН