Зуны дунд сар гарсан ч Хөвсгөл аймгийн Хатгал тосгон бараг зудын байдалд ороод байна. Тавдугаар сарын 19-нд Хатгалд тосгонд орсон их цасны улмаас нөхцөл байдал хүндэрсэн тул тосгоны болон Аймгийн онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна. Энэ талаар Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатартай утсаар холбогдож, мэдээлэл авлаа.
-Тосгоны нөхцөл байдал ямар байна вэ? Цас хэдэн өдөр оров.
-Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд тавдугаар сарын 19-нөөс эхлэн хоёр өдрийн турш цас орлоо. Жанхай, баруун зүүн Харгана, Хадуул гэсэн газруудад 60 см-ээс 1 метр орчим зузаантай цас орлоо. Хатгал тосгоны 40 мянга гаруй мал, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сумдын 10 мянга, нийт 50 гаруй мянган толгой мал зудын байдалд, хүнд нөхцөлд байна.
-Аймгийн Онцгой комиссоос ямар тусламж үзүүлж байна?
-Тосгоны Онцгой комисс тавдугаар сарын 19-нд хуралдаад, аймгийн Онцгой комисст нөхцөл байдлыг мэдээлсэн. Ингээд аймгийн нөөц хөрөнгөөс 1000 боодол өвсийг шуурхай шилжүүлэхээр болж, үүн дээр тосгоны нөөцөөс 200 боодол өвс нэмж, тэдгээрийг цасанд боогдсон малчин өрхүүдэд хувааж хүргэлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд энэ өдрүүдэд Хатгалд ажиллаж таараад, бидний ажилд их тус нэмэр болж байна.
-Одоо цаг агаар ямар байна вэ?
-Тэнгэр хангай цэлмэсэн. Гэхдээ цас хайлаагүй байна. Өдөртөө 8-9 хэм дулаан, шөнөдөө -3 хэм орчим хүйтэн байгаа.
-Цас орохын өмнө Хөвсгөлд цаг агаар ямар байсан бэ?
-Нилээн хураашилтай байсан.
-Машин унаагаар явахад хүндрэлтэй байна уу?
-Аймгийн төв рүү явахад бол асуудал, бэрхшээл гайгүй. Малчны хотонд очиход хүндрэлтэй байгаа болохоор Зил, Урал маркийн том автомашинаар явж байна.
Б.БАЯСАХ