Зуслангийн зам засвар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.22-нд нийтлэгдсэн

Зуслангийн зам засвар үргэлжилж байна

Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16.35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 километр замын суурь хучилт хийгээд зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл  уг 4.6 километр замын өнгө хучилтын ажил одоо үргэлжилж байна. Гүйцэтгэгч “Төгс зам” компани хучилт хийж буй замаа бүрэн хаалгүйгээр, эгнээ эгнээгээр хэсэгчлэн автомашин зорчуулж байгаа ажээ.  Хуваарь ёсоор энэ сарын 25 гэхэд 4.6 километр замыг  хучиж, зургаадугаар сарын 15-нд зам шинэчлэлтийн ажлаа бүрэн дуусгахаар гүйцэтгэгч тал ажиллаж буй гэлээ.

Харин Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 километр авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил ид өрнөж байна. Яг одоогийн байдлаар Чингэлтэйн эцсийн буудлаас Монел дэлгүүр хүртэлх 1.7 км авто замд  суурь хучилт хийж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаагаад байна. Энэ замыг мөн л зургаадугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулна. Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 10 см-ийн зузаантай 8.7 метрийн өргөнтэй, 1.5 метрийн өргөнтэй явган зам, ус зайлуулах хоолойтой 3.3 киломтер авто замыг өргөтгөж, шинэчлэхэд замын хоёр талд буусан 47 айлын газрыг чөлөөлөх шаардлагатай болжээ. Одоогоор газар чөлөөлөлт 80 хувьтай явааг дүүргийнх нь Өмч, газрын харилцааны газраас мэдэгдлээ. Газраа чөлөөлж өгсөн 29 айлд бүгдэд нь нийслэлээс нөхөн төлбөр олгожээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж