Алдарт дасгалжуулагч Майк Шишевскигийн удирдлага дор Дьюкийн их сургуулийн багт гялалзаж байсан Жон Шайер Израйлын Маккаби Тел Авив багт элссэн байна. Шайерийн Еврей гарал энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэнэ. Мөн түүнд Израйлын иргэн ч болох боломж байгаа аж. Энэ жилийн Европын аваргын шигшээд Грекийн Панатинайкос багт хожигдсон тус багийн гол тоглогчдын нэг болох биз ээ. Израйлд ирсэн даруйдаа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Маккаби гайхалтай улирлыг өнгөрөөсөн. Би энэ жилээс өмнөх амжилтыг ахиулахын хичээх болно” гэж хэлсэн байна. Түүнийг шинэ багийнх нь олон тооны хөгжөөн дэмжигч нар нь нисэх онгоцны буудал дээр хүлээн авсан бөгөөд Маккаби Тел Авив түүнийг ням гарагт албан ёсоор танилцуулна гэж багийн дарга Шимон Мижари хэлсэн байна. “Дьюкт байхад өдөр бүр хожих зорилготой байдаг байсан. Хүлээлт нь үнэхээр их. Хожигдох юм бол том асуудал үүснэ. Энд ч ялгаа байхгүй. Их хүлээлт дор тоглоно. Би үргэлж өөд тэмүүлж амьдрахыг хүсдэг учраас асуудал байхгүй” гэж “Еврей Жордан” хочит тоглогч хэлжээ.
Маккаби өнгөрсөн улиралд ганцхан хожигдол хүлээсэн байна. Тэд улсынхаа лигийн аваргын цомыг сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд 3-хан удаа алдаж байсан “дархан” аваргууд юм. Мөн тэд Европын аваргын цомыг 5 удаа хүртсэн билээ. Энэ жил 23 настай Шайер 2010 онд Дьюкийн их сургуулийн хамт “Үндэсний аварга” болж байсан бөгөөд АНУ-н шигшээ багийн дасгалжуулагч Шишевски түүнийг өөрийнх нь дасгалжуулж байсан шилдгүүдийн нэг гэж тодорхойлж байсан. НБА-н драфтаас азгүй байдлаар хасагдсан 196 см өндөртэй тэрээр Майами Хитийн зуны лигийн багт тоглож байгаад нүд рүүгээ хатгуулсны улмаас хүнд гэмтэл авсан. Түүний баруун нүдний торлог бүрхэвч гэмтсэн байсан юм.
Score studio