АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Азийн хоёр оронд хийх айчлалаа эхлүүлэхээр өнгөрсөн шөнө Вашингтоноос хөөрчээ. Барак Обама Ханойд Вьетнам улсын эсрэг зэвсгийн хоригийг цуцалж, дэлхийн анхны цөмийн дайралт болсон Японы Хирошимад айлчлахаараа олон улсын анхаарлыг татаж байна. Барак Обамагийн онгоц Вьетнамын Ханой хүрэх замдаа Аляскад шатахуунаа цэнэглэх юм.
Ханойд Барак Обама Вьетнамын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Үндэсний ассамблейн тэргүүн, коммунист намын дарга нартай уулзаж, хоёр орны харилцааны асуудлыг хэлэлцэх аж. Хамгийн гол нь Барак Обама Вьетнамын эсрэг АНУ-ын зэвсгийн хоригийг цуцалж, батлан хамгаалахын гэрээ байгуулах тухай яригдаж байгаа юм. Барак Обамагийн айлчлалын өмнө Вьетнам улс төрийн хоригдлуудыг сулласан нь хүний эрхийн асуудалд АНУ-д тал олох гэсэн арга аж.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Японд “Их-7” бүлгийн уулзалтад оролцох юм. Тэрбээр АНУ 1945 онд атомын бөмбөг хаяж олон мянган хүний амийг хөнөөсөн Хирошима хотоор зочлохоор төлөвлөжээ. АНУ нь Хирошимад атомын бөмбөг хаясны дараа Япон улс дэлхийн II дайнд ялагдал хүлээн бууж өгснөөр илүү их цус урсахаас сэргийлсэн гэж улс төрийн шинжээчид дүгнэдэг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse