Г.Сүндэрмаа охин “Худалч үнэг” өгүүллэгээрээ "Шидэт номын найзууд" уран үгсийн чуулганд оролцож, шилдэг өгүүллэгийн хоёрдугаар байрын эзэн болсон юм. Тэрбээр найман настай, “Монгени” цогцолбор сургуулийн гуравдугаар ангид суралцдаг. Бяцхан зохиолч энэхүү өгүүллэгээрээ “Үнэг шиг бусдыг хуурч, мэхлэж болохгүй шүү” гэдгийг ойлгуулахыг хүссэн гэв.
Монголын зохиолчдын холбоо, Монголын хүүхдийн уран бүтээлчдийн Эвт үзэг төв, Хүүхдийн Төв номын сантай хамтран гурав дахь жилдээ хүүхдийн шилдэг өгүүллэг шалгаруулах "Шидэт номын найзууд" уран үгсийн чуулганыг зохион байгуулж, өнөөдөр /05.21/ шилдгүүдээ шалгарууллаа. Шилдгээр шалгарсан 11 өгүүллэгийг СУИС-ийн оюутнууд уран уншин хүүхэд багачуудын хүртээл болгов.
Хүүхдийн шилдэг өгүүллэгээр зохиолч Н.Мандалын “Хүн чанарын инээд” шалгарч, Г.Сүндэрмаагийн “Худалч үнэг” удааллаа. Харин гуравдугаар байрт Д.Батжаргалын “Бяцхан мисс” өгүүллэг тус тус шалгарлаа.
Өнгөрсөн жил бүх өгүүллэгүүдийг уншиж байсан бол энэ жил шалгарсан 11 өгүүллэгийг уншиж шилдгүүдээ тодруулсныг зохион байгуулагчид онцолж байв.
Энэхүү уралдаанд 20 гаруй уран бүтээл сойгдсоноос шүүгчээр доктор, профессор Д.Оюунбадрах хүүхдийн зохиолч Б. Нацагдорж, СГЗ хүүхдийн зохиолч Д.Давааням нар ажиллав.
Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн захирал Н.Мандал “Энэ жил өгүүллэг, тууж бичдэг зохиолчид их оролцсон байна. Ер нь хүүхдэд зориулсан уран уншлагын бүтээлүүд ховор байдаг. Тиймээс хүүхэд, багачуудын насанд нь тохирсон бүтээлтэй болгох зорилгоор энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байна. Цаашдаа шилдэг бүтээлүүдээр ном хэвлэн гаргах болно” гэв.
Шилдэг 11 уран бүтээлчийн өгүүллэгүүд
1.Н.Мандал “Хүн чанарын инээд”
2.М.Доржсүрэн “Гэндсэн нь”
3. М.Амархүү “Шидэт харандаа, баллуур хоёр”
4. Б.Ганчимэг “Сүү авъя”
5. Ц.Энхтүвшин “Улаан малгайт охин”
6.О.Сундуй “Алтан Од”
7.Х.Дэмбэрэл “Тэмээний үнэтэй тэнзэн ташуур”
8. Д.Батжаргал “Бяцхан мисс”
9. Т.Энхтуяа “Найз”
10. С.Батжаргал “Дунгармаа”
11. Г.Сүндэрмаа “Худалч үнэг”
А.Цээсүрэн