Парисаас Кайр хүрэх замдаа Газар дундын тэнгист осолдсон “EgyptAir” компанийн “Airbus A320” нисэх онгоцны сүйрлийг шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байна. Баасан гаригт Египетийн талаас өгсөн шинэ мэдээллээр, Пүрэв гаригийн үдээс өмнө онгоц осолдохоос хэдхэн минутын өмнө онгоцны бүхээгт утаа гарч байгаа түгшүүрийн дохио хяналтын албанд ирсэн гэдгийг мэдээлжээ.
Агаарын нислэгийн мэргэжилтнүүд автоматаар илгээгдсэн энэхүү түгшүүрийн дохио нь шууд утгаараа бүхээгт гал гарсан, бөмбөг дэлбэрсэн, механик гэмтэл гарсан гэдгийг тухайлан тодорхойлж чадахгүй гэдгийг санууллаа.
Хамгийн гол нотлох баримт болсон нисгэгчийн бүхээг дэх яриаг бичсэн хар хайрцаг олдоогүй байгаа юм. Харин Газар дундын тэнгист ажиллаж буй эрэлчид өчигдөр Египетийн хойд зүгээс 290 километрийн зайд онгоцны суудал, чемодан болон хүний биеийн зарим нэг хэсгийг агуулсан онгоцны сэгийг уснаас олжээ.
Египетийн нисэх албаны удирдлагуудын үзэж буйгаар хэрвээ бүхээгт гэмтлийн улмаас гал гарсан бол нисгэгчид бидэнд мэдэгдэж амжих байсан. Тэгээд ч онгоц осолдохын өмнө зүүн чиглэлд 90 градусын эргэлт хийж, үүнийхээ дараа баруун тийш 360 градус огцом эргэснээс хойш 15000 футын өндрөөс 10000 фут хүртэл доош унаж, радараас алга болсныг террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн таамаглаж буй юм.
Гэвч одоог болтол ямар ч террорист бүлэглэл энэхүү ослын үйлдэгчээр өөрсдийгөө зарлаагүй байна.
Нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
– Орон нутгийн цагаар Лхагва гаригийн оройн 23.09 цагт MS804 нислэг Парис хотоос хөөрчээ.
-Пүрэв гаригийн өглөөний 01.24 цагт Грекийн Афин хотын агаарын бүсийг нэвтэрсэн.
– Пүрэв гаригийн өглөөний 01.48 цагт онгоцтой сүүлийн удаа холбоо тогтоосон.
– Пүрэв гаригийн өглөөний 02.27 цагт Грекийн зүгээс холбоо тогтоохыг оролдоход хариу өгөөгүй.
– Пүрэв гаригийн өглөөний 02.29 цагт онгоцтой холбоо тасарсан.
– Пүрэв гаригийн өглөөний 02.45 цагт эрлийн үйл ажиллагааг идэвхижүүлжээ.
Г.СҮМБЭЭ