“Номын ертөнц” төрийн бус байгууллагаас 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингис хааны талбайд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээний нээлтэд өчигдөр 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцсон.
Мөн Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа бөгөөд 20-50 хүртэл хувиар хямдарсан ном худалдан авах боломжтой.
Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцсэн ирсэн зочиддоо олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном ярья, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээнүүдэд оролцох боломж олгож байгаа юм.
Г.ХОРОЛ