13 мянга гаруй иргэн нөхөх олговор аваагүй байна

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

13 мянга гаруй иргэн нөхөх олговор аваагүй байна

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 50 гаруй хувийн саналаар “хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуулийг УИХ-ын гишүүн Л.Цог санаачилжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд 17554 нэхэмжлэгч 16 тэрбум 300 сая төгрөгийн нөхөх олговор авсан байдаг бол нөхөх олговроо авч чадахгүй хохирч байгаа хэлмэгдсэн иргэд 1000 гаруй юм байна. Овог нэр, нас хүйс, үндсэн захиргаа зөрөх, хүн амын тооллогын бүртгэл болон бусад лавлах материалд тухайн нэхэмжлэгч, хэлмэгдсэн хүнтэй садан төрлийн холбоотой эсэх нь тогтоогдохгүй байгаагаас дээрх хүндрэл үүсэж буй аж. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдээд цагаатгагдсан хүмүүсийн нэрийг хэвлэл мэдээллээр зарлаж, хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, үр, хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү зэрэг хуулиар нэхэмжлэх эрх бүхий иргэдэд нөхөн олговор олгож байгаа боловч нэхэмжлэгч тодорхойгүйн улмаас 10,000 гаруй хэлмэгдэгчийн ар гэрт нөхөх олговор олгох асуудал хүлээгдэж байгаа юм байна. Иймээс хууль хэрэгжих хугацааг сунгаж өгөх зохицуулалтыг энэхүү хуульд тусгажээ.

Төсөл санаачлагч хууль хэрэгжүүлэх хугацааг сунгах болсон үндэслэлээ “Хууль хэрэгжсэн хугацаанд 13 мянган хүн нөхөн олговроо авч чадаагүй байгаа бол 2400 орчим хүнийг цагаатгах шаардлага бий. Иймээс хууль хэрэгжих хугацааг сунгах шаардлага байна” гэдгээ тодотгосон юм.

Мөн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж