Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

“Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриатай Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны/МҮСБХ/ хамт олон “Бид нэг гэр бүл” төсөл санаачлан хэрэгжүүлж, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Үндэсний лигт оролцон Тэргүүн болон Дэд хэсэгт тоглож буй шилдэг сагсан бөмбөгчдийн халз тоглолтоос гадна аймгийнхаа багт хүчин зүтгэж буй урлаг, спортын алдартнуудын "Бүх Одод”-ын тоглолтыг ирэх мягмар гаригт буюу тавдугаар сарын 24-ний өдөр Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна. Тоглолтын үнэ 10.000 төгрөг бөгөөд энэхүү тасалбараар Үндэсний лигийн плэй-оффын тоглолтуудыг үзэх боломжтой.

Эдгээр өдрүүдэд аймгуудын дунд зохиогддог Үндэсний лиг зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Бүх одод”-ын тоглолтод оролцох олны танил эрхмүүдээс дурдвал гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, улсын аварга С.Мөнхбат, “TV Коктейль”хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нарын алдартнуудыг  онцолж болно.

Б.Батхишиг БНСУ-д эмчилгээ хийлгэсэн бөгөөд яаралтай бөөр шилжүүлэн суулгах болоод байгаа билээ. МҮСБХ болон сагсан бөмбөгчид дахин сайн үйлсийн аянд нэг зүрх сэтгэлээр нэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж