УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад хоёр долоо хонож буй. Энэ хүрээнд байнгын хорооны хуралдаан зарладаг ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс тэр бүрийд хурал хойшилсоор ирсэн билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаас эхлүүлэн дангаараа хуралдахаар шийдлээ. Одоогийн байдлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас гадна долоон гишүүн цуглаад байна. Цугласан гишүүд нь бүгд МАН-ын бүлгийнхэн юм.
Ирц бүрдсэн нөхцөлд тус байнгын хороогоор УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооныхон мэдээлэл хийнэ.
Г.Дарь