Эдийн засгийн хямрал гэж дээр, дооргүй шуугиж байгаа энэ үед экспортын бүтээгдэхүүн гаргая, үйлдвэрлэлээ хөгжүүлье, татвараа төлье гэхээр цанхаалж суугаа сайд байгаа гэвэл та итгэх үү?
Хэргийн учрыг маш товчхон бөгөөд энгийнээр тайлбарлавал:
Монголын үндэсний компани уурхай байгуулж, төмрийн хүдэр олборлон, бүр баяжуулж, экспортонд гаргахаар бэлэн болж. Харамсалтай нь ганцхан Зам тээврийн сайд М.Зоригтын “санал”-аас шалтгаалаад бүтээгдэхүүнээ ч гаргаж чаддаггүй, асуудлаа ч шийдэж чадахгүй гацаад байгаа аж. Монголын өнөөгийн нөхцөлд уурхай байгуулж, олборлож, түүнийгээ баяжуулна гэдэг ямархан нүсэр бөгөөд төвөгтэй ажил болохыг бизнесийн зах зух гадарладаг хэн хүнгүй мэднэ. Монголын хөрөнгө оруулалттай “Зэст-Өндөр” ХХК 2010 онд анх зөвшөөрөл лицензээ аван 2014 оноос бэлтгэл ажлаа ханган, өнгөрсөн жил төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээ барьж байгуулан, өдгөө бага биш баяжмал экспортлоход бэлэн болгоод байгаа. Энэ бүхнийг хийхийн тулд багагүй хүч хөрөнгө, хөдөлмөр гаргаж, хугацаа зарцуулсан гэдгийг ойлгоход хэцүү биш. Уурхай байгуулах, олборлолт, баяжуулалт хийхийн тулд авсан байх ёстой бүх л дүрэм журам, зөвшөөрлийг авч, байж болох бүхий л шаардлагыг хангасан. Зөвхөн энэ зурагнаас та бүхэн хэдий хэрийн зөвшөөрөл бичиг, баримтын давааг туулсныг харж болно. Уурхай байгуулж олборлолт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, аюулгүй байдлаас эхлээд орон нутгийнхны зөвшөөрөл гээд олон “даваа” давж, бас ч багагүй бэлтгэл ажил хийх ёстой. Энэ ч дагуу тэд бүх ажлаа хийсэн. Өдгөө хүдрээ баяжуулж, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, цаашид экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэсэн ч ийн Зам тээврийн яамны санал, дүгнэлт дээр гацаад байгаа аж.
Төмрийн хүдэр баяжуулна гэдэг нүүрс ухаад,ачаад гаргахаас арай өөр ажил гэдгийг ч гадарлах байх. Ийн хүч хөдөлмөр гаргаж, цаашилбал Сүмбэрийн боомт хүртэл 7 км хатуу хучилттай зам тавьж, цаашид нойтон аргаар хүдрээ баяжуулах /одоо хуурай баяжуулалт хийж байгаа/ гээд баргийн компанийн хийж хүчрэхгүй ажлыг хийсэн ч “Зэст-Өндөр” ажлаа үргэлжлүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Тэд
-Уул уурхайн яам,
-Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
-Гадаад харилцааны яам
-Батлан хамгаалах яам
-Гаалийн ерөнхий газар
-Хил хамгаалах ерөнхий газар
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Дорнод аймаг, Халх гол сум гээд бүхий л зөвлөмж, дүгнэлт, зөвшөөрлийг авсан. Хамгийн сонирхолтой нь яг М.Зоригт сайд дээр тулгарахаар эрхэм сайд за ч гэдэггүй, үгүй ч гэдэггүй, татгалзах шалтгаан ч хэлдэггүй, займчуулаад өнгөрдөг гэнэ.
Дорнод аймгийн Халхгол сум дахь төмрийн хүдрийн ордын ашиглалтын нөөц 21,48 сая тонн, ашиглалтын хугацаанд нийт 293 тэрбум төгрөг гээд бодохоор аймаг орон нутаг бүү хэл, улс оронд ч хэрэгтэй бүтээн байгуулалт мөн байгаа биз. Харин өдгөө 100 гаруй хүн ажиллуулж, цаашид ажлын байраа 500 гаруй болгож нэмэгдүүлэх энэ бүтээн байгуулалтын ажлыг халхголчууд ч найдлага тавин хүлээж байгаа. Харин одоо энэ ажил зөвхөн М.Зоригтоос болоод гацаад байгааг сонсвол бухимдах л байх.
Наад зах нь таны нэгэнтээ УИХ-д сонгогдож байгаа, өдгөө бас горилж байгаа Дорнод аймгийн тань 500 гаруй хүн ажлын байртай болж, орон нутгийн төсөвт 83,3 тэрбум төгрөгийн татвар орох боломжтой байгааг та ойлгохгүй байна гэж үү, М.Зоригт сайд аа.
Нэгэнтээ улсын төсвийн гол ачааг үүрч байсан уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ унаж, экспортын тэнцэл алдагдах шахаж байхад Засгийн газрын кабинетын гишүүн ингэж цааргалж байгаа нь гайхалтай. Эцсийн эцэст бүтээн байгуулалтыг дэмжинэ гэж тунхаглаж байгаа Ардчилсан намын Засгийн газар энэ асуултад бас хариулах нь зүйтэй болов уу?
Д.ДОРЖ