Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Африкийн Сингапур

Африкийн жижиг улс Руанда Азийн бар Сингапурын жишгээр хөгжихийг зорьж байна. Ерөнхийлөгч Пол Кагамегийн тэргүүлсэн Эх орончдын фронт засгийн эрхийг авснаас хойш Руандад мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлах болжээ. Руанда улсын засгийн газар 2020 он гэхэд дундаж орлоготой орон болох зорилт тавьсан байна.

Руандад энэ долоо хоногт цэвэр эрчим хүч үйлдвэрлэх метан хийгээр ажилладаг цахилгаан станцыг Киву нуурт байгуулсан нь хамгийн сүүлийн үеийн инноваци болжээ. КивуВатт метаны  төсөл нь дэлхий дахинд уснаас метан хийг ялган олборлох цорын ганц төсөл юм. Тус цахилгаан станцад ирэх гурван жилд 100 мегаватт эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Киву нуур нь Нярагонго галт уулын ойролцоо оршдог учраас метан хийн дундаршгүй нөөцтэй юм.

Руандагийн засгийн газраас хөдөө аж ахуйд технологийн инновацийг нэвтрүүлснээр салбарын төсөвт оруулах хувь нэмрийг хоёр дахин нэмэгдүүлж эдийн засагт 1.53 их наяд франкийг авчирах төлөвлөгөө боловсруулжээ. Руандад сүүлийн жилүүдэд олон тооны шинжлэх ухаан, технологийн инноваци явагдаж байгааг аж. Далайд гарцгүй Руанда улс нь цай, кофены ургамал тариалалтаар алдартай юм. Тус улсын эдийн засгийн өсөлт 2000 оноос хойш дунджаар 7.5 хувьтай явж иржээ.

Руандагийн бүх 30 дүүрэг интернэтийн шилэн кабелаар холбогдсон бөгөөд 14 дүүрэгт “4G LTE” сүлжээг нэвтрүүлэхээр болжээ. Ирэх 2017 он гэхэд хүн амын 95 хувь нь “4G” сүлжээг ашиглах боломжтой болох гэнэ. Руанда өнгөрсөн долоо хоног Африк дахь дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулж, Кигали хотыг “инновацийн хот” болгох төлөвлөгөөг танилцуулжээ.  Африкийн бусад орныг бодвол Руанда нь нефть эсвэл алт, зэсийн ордгүй. Гэвч олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байна.

Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж