Сэтгүүлчид боулингийн спортоор өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид боулингийн спортоор өрсөлдөв

Монголын боулинг сонирхогчдын холбоо өнгөрөгч амралтын өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд аварга шалгаруулах ээлжит тэмцээнээ зохион явууллаа. Энэ удаагийн тэмцээнд Боловсрол суваг, Ийгл, МҮОНРТ, ТВ9 зэрэг телевизийн байгууллагаас гадна Нийгмийн толь, Улс төрийн тойм зэрэг сонины газрын төлөөлөл оролцсон юм. Нийт 13 байгууллагын 20 гаруй баг оролцсоноос Ийгл телевизийн баг тамирчид 2 тоглолтын нийлбэр дүнгээр 1010 оноо авч түрүүлснээр алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Харин удаах байрт тэднээс ердөө 9 оноо дутуугаар НТВ телевизийн баг бичигдэж, мөнгөн медаль дээр буусан юм. Харин МҮОНТВ-ийн 1 р баг тамирчид 996 оноо авч хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд оролцсон 100 гаруй тамирчнаас  ТВ9 телевизийн Баатарсайхан 1 тоглолтонд 160 оноо авснаар шилдэг тоглогчын шагналыг хүртсэн байна. “Big bowling” төв нь сар бүр салбар тус бүрээр нь аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж салбарынхаа тэргүүн байр эзэлсэн  багуудын дунд 12-р сард аварга шалгаруулах тэмцээнийг зохиох төлөвлөгөөтэй байгаа юм.

Өнгөрсөн 1-р сард өндөр чансаатай тамирчид буюу мэргэжлийн боулингийн клубуудын дунд тэмцээн зохиогдсон бол 2-р сард гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын дунд, 3-р сарын тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран Монголын спортын холбоод, биеийн тамир спортын байгууллагуудын дунд зохиогоод байсан. “Coke Zero Bowling Championship” тэмцээнийг М-Си-Эс Кока-Кола компани ивээн тэтгэж байгаа төдийгүй тэмцээнийн үеэр боулингийн спортын хамгийн дээд оноо болох 300 оноо авсан тамирчинд 10.000.000 төгрөгийн шагналыг амлаад байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж