“Шилэн данс”-ны цаана “ширэн нүүр”-ээ нуух бололцоо байхгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

“Шилэн данс”-ны цаана “ширэн нүүр”-ээ нуух бололцоо байхгүй

-Өмнө нь “ширэн хэтэвч”-ээр бүхий л гүйлгээгээ халхавчилж дөнгөдөг байсан эрх мэдэлтнүүд “шилэн данс”-тай болсон биш иргэдийн хараа хяналтад орж, эцэст нь “ширэн нүүр”-тэй болохдоо тулах юм байна гэдгийг ойлгож эхэлсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын нийгэмд бий болсон хамгийн том дэвшил байх-

Татвар төлөгчдийн нуруун дээр босдог улсын төсвийн зарцуулалтыг иргэд яаж хянах тухай биш харин хэрхэн яаж зарцуулалтыг нь удирдах тухай нүсэр том хуультай байсан цаг саяхан. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай гэх хуулийг гаргах гэж хоёр ч парламент дамнуулан хэлэлцэж, энэ хооронд УИХ-ын гишүүд нь бөөн цөөнөөрөө хэд хэдэн удаа гадаадад очиж туршлага судалж ч байлаа. Энэ хуулийн хүрээнд салбар салбарт төсвийн “ерөнхийлөгч захиран зарцуулагч” нар бий болж, төсвөөс санхүүждэг байгууллагууд үүнийхээ хариуд “бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, үйл ажиллагааны үр дүнгээ хянадаг болсон нь тухайн үедээ дэвшил байв. Гэвч төсвийг ерөнхий захиран зарцуулагч л мэддэг, төсөвт байгууллагын “бүтээгдэхүүн” нь чухамдаа чанарын шаардлага хангасан эсэхийг мөн тэд л мэддэг, энэ нь л хангалттай гэсэн ойлголт, хандлага хэвээрээ үлдсэн юм.

Тэгвэл төсвийг бүрдүүлэх нь бидний үүрэг, зарцуулах эрх нь харин тэдний мэдлийнх гэсэн хүлцэнгүй ойлголтыг өөрчлөхөд ердөө хүсэл, санаачилга л дутагдаж байсныг, ердөө ганцхан хуулиар үүнийг шийдэж болох байсныг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ердөө жилийн дотор нотлон харуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараахан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлж, энэ  хүрээнд Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төрийн болон төсвийн бүхий л байгууллагууд таван сая төгрөгөөс дээшх гүйлгээ бүрээ ил мэдээлж байх, ингэснээрээ хяналт хэдхэн хүний хүрээнээс хальж, иргэдийн гарт шилжиж очно гэсэн дээрх хуулийн үндсэн санаа өнөөдөр бодит амьдрал болжээ.

УИХ-аар 2014 онд хэлэлцэн баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуулийг хэн хэрхэн биелүүлж байгааг хянадаг “шилэн иргэд” цөөнгүй болсныг бид харж байна. Харин өмнө нь “ширэн хэтэвч”-ээр бүхий л гүйлгээгээ халхавчилж дөнгөдөг байсан эрх мэдэлтнүүд “шилэн данс”-тай болсон биш иргэдийн хараа хяналтад орж, эцэст нь “ширэн нүүр”-тэй болохдоо тулах юм байна гэдгийг ойлгож эхэлсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын нийгэмд бий болсон хамгийн том дэвшил байх.

Дэлхийн улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгааг гаргадаг Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагын 2015 оны дүн шинжилгээнээс үзвэл Монгол Улс төсвийн ил тод, нээлттэй байдлын индексээр авбал зохих 100 онооноос 51 оноог авсан  байна. Энэ нь дэлхийн дундаж 45 онооноос ялимгүй дээгүүр байна гэсэн үг.

Ерөнхий сайдын мэдээллээс үзэхэд 2015 оны байдлаар Шилэн дансны тухай хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага,  орон нутгийн өмчит 271 үйлдвэрийн газар, 79 ТӨХК болон ТӨҮГ, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллага мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар иргэд, олон нийтэд мэдээлж байгаа аж.

Тухайлбал, хуулиар заасан тодорхой хугацааны давтамжтай нэг удаа байршуулах мэдээллийн тухайд л гэхэд төсвийн нийт 4183 байгууллага нийтдээ 28230 мэдээлэл байршуулахаас 71 хувь буюу 21078 мэдээлэл байршуулсан бол 70 ТӨХК болон ТӨҮГ-уудын хувьд 429 мэдээлэл байршуулахаас 81 хувь буюу 347 мэдээллийг байршуулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Үүний зэрэгцээ “ширэн хэтэвч”-тэйгээ “ширэн нүүр”-лэхээр шийдсэн газрууд ч байгааг сануулах нь зүйтэй байх. Гэхдээ энэ нь тун бага хувийг эзэлж байгаа буюу Шилэн данс хөтлөх ёстой байгууллагуудын арав хүрэхгүй хувьд хамаарах сануулга юм. Эхний ээлжинд иргэд, олон нийт, хэвлэлийн мэдээллийнхэн төрийн болон төсөвт байгууллагуудыг гүйлгээгээ Шилэн дансаар дамжуулан мэдээлэхийг шаардаж байгаа ч хуулийн хамгийн гол зорилго нь тэдгээр гүйлгээний цаана хууль бус үйлдэл нуугдаж буй эсэхийг хянах явдал. Хууль хэрэгжиж эхэлсэн жилийн хугацаанд Шилэн дансаа хөтлөөгүй албан тушаалтнуудыг нэрсийг олон нийтийн сүлжээнд “шилэн” Цогоо гэгддэг иргэн Б.Цогтгэрэл АТГ-т хүргүүлж, улмаар шилэн данснаас ажиглагдсан 200 гаруй тэрбум төгрөгийн сэжигтэй гүйлгээг шалгуулах хүсэлтээ гаргажээ. Татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөрөөр бүрддэг төсвийг жинхэнэ эзэд нь хянах бололцоо ердөө жилийн хугацаанд бодит зүйл болсон байна. Харин Шилэн дансаа хөтлөөгүй, эсвэл сэжигтэй гүйлгээ хийсэн төсвийн ерөнхий захиран зарцуулагч нар маань Шилэн дансны цаана “ширэн нүүр”-ээ нуух бололцоогүй болжээ.

Б.СЭМҮҮН

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж