Хоёр жилийн өмнө сураггүй болсон Малайзын онгоцыг хайх эрлийн ажиллагааг ирэх наймдугаар сард зогсоохоор болжээ. Малайзын агаарын тээвэрийн “MH370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болсон юм. 239 хүнтэй “Boeing 777” онгоцыг Австралийн баруун эргийн ойролцоо Энэтхэгийн далайд сүйрсэн гэж таамаглажээ. Олон улсын хамтарсан эрлийн баг далайн 120 мянган квадрат км талбайд хайгуул самналт хийхээр төлөвлөснөөс 15 мянган квадрат км талбай үлдээд байгаа аж. Эрлийг ахалж буй Австралийн талын мэдээлснээр үлдсэн талбайн самналт хайгуулыг ирэх наймдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн хугацаанд хайгуулын бүсээс олон мянган км-ийн алсад орших Өмнөд Африк, Мауритис, Мозамбик, Реюнион арлаас “Boeing 777” онгоцных байж болох таван хэсэг сэг олдсон билээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА