-Номын баярын үеэр зохиолчид болон хэвлэлийн компаниуд номоо 20-50 хувиар хямдруулжээ-
Жил бүрийн тавдугаар сарын төгсгөлд “Номын ертөнц” ТББ-аас Чингисийн талбайд “Номын баяр” зохион байгуулж заншжээ. Энэ жилийн 19 дэх удаагийн номын баяр өнөөдөр /2016.05.20/ эхэллээ. Номын баярт зохиолч, уран бүтээлчид биечлэн оролцож, бүтээл туурвилаа олонд таниулж байгаагийн дээр ном үйлдвэрлэгчид, хэвлэлийн компаниуд, худалдан борлуулагчид, хуучны ховор ном цуглуулагчид гээд номтой нөхөрлөсөн болгон Чингисийн талбайд цуглажээ.
Өнгө ижилссэн цагаан асраар дүүрэн шинэ, хуучин, уран зохиолын, урлаг уран сайхны, судалгааны, шашны, түүхэн, зөвлөмж, санамж, толь бичиг гээд гээд төрөл төрлийн ном дэлгээтэй. Сонин, сэтгүүлүүд ч номтой ханьсан уншигчдаа хүлээн байх ажээ. Зөвхөн зохиолоороо олны танил уран бүтээлчид цөөнгүй байдаг. Ялангуяа шинэ залуу зохиолчдыг хүмүүс тэр мэддэггүй. Танил бус танил уран бүтээлчидтэй уулзъя гэвэл өнөөдөр, маргааш хоёр өдөр Чингисийн талбайг зорьж, номг худалдан авахдаа гарын үсгийг нь зуруулж болох нь. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж л гэхэд МУГЗ, зохиолч Г.Мэнд-Ооёо гуайн бүтээлээс худалдан авч, гарын үсгийг нь зуруулан авч яваа харагдсан.
Номын баярын хамгийн их борлуулалттай ном нь бага насны хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн болон танин мэдэхүй хөгжүүлэх, буддаг, урладаг номууд байлаа. Үнийн хувьд ч харьцангуй хямд байгаагийн дээр томчууд хүүхдэдээ хэзээ ч гар татдаггүйг харуулна. Харин хамгийн үнэтэй ном нь Нэпко хэвлэлийн компаниас эрхлэн гаргаж буй Britannica нэвтэрхий толь юм. Britannica-гийн найман боть 580 мянган төгрөгөөр үнэлэгджээ. 244 жилийн түүхтэй Britannica толь бичгийг цаашид олон боть болгож цаасан дээр хэвлэхгүй гэсэн мэдээлэл өмнө нь сонсож байсан билээ. Уг толь бичгийг хоёр жил тутамд цуврал ботиор хэвлэн гаргаж ирсэн ч 2010 оны 32 боть хамгийн сүүлчийнх нь болж байгаа бөгөөд тэр утгаараа хамгийн өндөр үнээр зарагдаж байна.
Номын баярын үеэр зохиолчид болон хэвлэлийн компаниуд номоо 20-50 хувиар хямдруулжээ. Нэгэн үеийг бодвол хүмүүс ном уншдаг болсныг гэрчлэн номын баяр хөл ихтэй байна. Энэхүү хөл хөдөлгөөнийг ашиглан зарим их дээд сургууль, гадаад хэлний сургалттай дунд сургуулиудын сурталчилгаагаа гаргаад амжжээ. Турк хэлний сургалттай сургуулийн багш нар сурагч багачуудынхаа хамт турк үндэсний хоол хийн номын баярт оролцогчдыг дайлж байлаа. Хоол зарж олсон орлогоо хүүхдүүдийнхээ хөгжилд зориулах гэнэ. Хятад хэлний сургуулийн хувьд тус улсын үндэсний дуу бүжгээр зочдын нүд, чихийг баясгаж байлаа. Ийнхүү цагаа олсон овжин менежмент номын баярыг улам чимж байв.
Номыг зөвхөн цаасаар бүтээдэг уламжлалыг халж, зөөлөн эдлэл, даавуугаар урласан номууд содон харагдаж байлаа. Энэ сонирхолтой номыг хүүхдэд зориулан гараар урласан байх бөгөөд хүүхэд тоо тоолж сурахад хамгийн дөхөм байхаар бүтээжээ. Мөн үдээс үдэх, цахилгаан татах, гутлын зөв бурууг ялгах зэрэг хүүхдүүдийн хувьд хамгийн хэцүү дадалд сургахад даавуун ном туслах ажээ. Дашрамд сонирхуулахад чулуунаас ч цаас гаргадаг технологи дэлхий дээр хэдийнээ нэвтэрсэн байна. “Цэнхэр эдийн засгийн онол”-ыг үндэслэгч Гюнтер Паули саяхан Монголд ирэхдээ уул уурхайн үлдэгдэл чулуунаас гаргасан цаасаар ном туурвиж, түүнийгээ авчран үзүүлж байсан билээ. Хаа ч элбэг байдаг уул уурхайн шавар чулуугаар ном бүтээдэг болчихвол байгаль экологид хичнээн тустай билээ. Энэ мэт шинэ технологийг Монголд нэвтрүүлэх цаг ойрхон биз ээ. Харин тэр сайхан цагт ном уншдаг хүмүүс одоогийнхоос ч олон байгаасай. Бүгдийг онлайнаас олж авч болох ч ном уншихын гайхамшгийг хүүхэд багачуудад багаас нь мэдрүүлэхсэн.