Зээлийн хэлэлцээрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 75.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зээлийг дараах чиглэлд зарцуулах аж. Үүнд

1.Хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах:

Замын-Үүд, Алтанбулаг, Бичигтийн боомтууд (гаалийн хяналтын бүс)-ын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах зорилгоор хилийн боомтуудын найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс барилга, байгууламж шинээр барих, засварлах, дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

2.Гаалийн үйлчилгээний автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх:

Гаалийн гадаад худалдаанд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийг холбох боломж бүхий цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх суурь портал системийг хөгжүүлэх, гол гол хилийн боомтуудыг өндөр хурдтай сүлжээнд холбоно. 

3.Засгийн газраас хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн төсөл,  хөтөлбөрүүд болон гадаад худалдааны цахим нэг цонхны системийн хоорондын уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх.

Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал хөтөлбөр, шилэн данс, цахим гарын үсэг зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг цахим нэг цонхны үйлчилгээ төсөлтэй уялдуулах, гадаад худалдаанд оролцогч талуудаас бүрдсэн цахим нэг цонх байгуулах ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн санхүүжилт:

(сая ам.доллар)

 Эх үүсвэр

Хэмжээ

Эзлэх хувь

Азийн Хөгжлийн Банк

27.00

92.88%

Үүнд: АХБ-ны хөнгөлөлттэй зээл

27.00

Монгол Улсын Засгийн газар

2.07

7.12%

Нийт

29.07

100.0%

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүд зээлийн хэлэлцээрийг дэмжсэнээр өрийн таазыг хэмжээнд нь барьж чадах уу гэдгийг тодруулав. Сангийн сайдын тайлбараар өрийн тааз энэ онд ДНБ-ий 55 хувиас хэтрэх ёсгүй бөгөөд хязгаарыг зөрчихгүй юм байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 68.9 хувийн саналаар дэмжин баталлаа.

 Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж