Цагдаагийн байгууллагаас “Босоо Хөх Монгол” ТББ-ийн удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүдийг эрүүгийн хуулийн 149,3-т зааснаар “бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн 461-р ангид цагдан хорьж шалгаж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Тэгвэл “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн гэх улсын харцага Г.Ганхуяг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ХУД-т хаалга онгойлгосонгүй гэж “Нархан” хотхон-ы хамгаалагчийг согтуугаар сүхээр цохиж зодож гэмтээж улмаар эрүүлжүүлэгдсэн гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагад ирсэн уг гомдлын дагуу хэрэг үүсгэсэн боловч хохирогчдоо их хэмжээний мөнгө өгч хэргээ хаалгажээ. Г.Ганхуяг нь урьд нь олон удаа согтуугаар бусдын эрх чөлөөнд халдаж зодож танхайрсан тухай дуулдаж байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгүй танил талаараа мултарч байсан талаар ярих хүмүүс бий. Монгол бөхийн нэр хүндийг хадгалж хамгаалж ард түмний хүндлэлийг дааж явах ёстой улсын харцага маань согтуугаар биеийн том, эр бяраараа аархаж гэмгүй иргэдийг зодож танхайрч байгаа нь тун харамсалтай.
С.УРГАМАЛ