Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна. Амрагч хүүхдийн тоо сүүлийн 3 жилээр гаргавал 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Энэ жил ч зуслан ажиллахаас өмнө шалгалт хийхээс гадна зуслангийн үйл ажиллагааг дэмжих, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг зарлаж байгаа юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулах уг уралдааныг зохион байгуулах, шагнал урамшуулал олгоход шаардлагатай 9,9 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.
А.АЯЛГУУ