Хавар намрын хуурайшилтын үед ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний хохирол амсдаг. Улс болон иргэдэд олон сая төгрөгийн хохирол учирч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нь бий. Гэтэл Онцгой байдлын албанд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгсэл хангалттай бус байсаар өнөөг хүрсэн билээ.
Тэгвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах, түймэр унтраах зориулалтаар ашиглах явган цэргийн байлдааны (БМП) зургаан автомашиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын албанд олгожээ. Эдгээр автомашиныг хээрийн түймэр ихээр гардаг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хуваарилсан бөгөөд тусгай хэрэгслээр тоноглон аврах үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болсон гэнэ. Харин одоо тэдгээр машиныг ажиллуулах 10 албан хаагчийг 45 хоногийн хугацаатай механик жолоочийн сургалтад хамруулж байгаа ажээ.
Д.ЦЭЭЛ