Хорин жилийн хөдөлмөрийн үнэ цэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Хорин жилийн хөдөлмөрийн үнэ цэнэ

   -Л.Болд хувьцааны эрхээ бусад хувь эзэмшигчдэдээ 20 сая ам.доллараар үнэлэн шилжүүлсэн нь нууц биш. Учир нь 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ 33 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан байдаг-

Жил бүр ил болдог төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал УИХ-ын гишүүн Л.Болд 2015 оны байдлаар хадгаламжийн хэмжээгээр 76 дотор хоёрдугаарт бичигджээ. Парламентад гурван удаа, Засгийн газрын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажилласан түүний улс төрийн намтар, Хөрөнгө орлогынх нь мэдүүлэг дэх “өндөр тоо”-нууд хоорондоо чухам ямар холбоотой байж болохыг зарим чөлөөт хэвлэлүүд хардан бичиж байна. Улстөрчдийн, тэр дундаа өндөр албан тушаал хашиж буй тэдний хөрөнгийн эх үүсвэр юу болохыг олон нийт хэзээ ямагт сонирхох нь ардчиллаа хадгалж үлдэх амин чухал зөн совин биз ээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том өрсөлдөгч Дональд Трамп гэхэд үл хөдлөхийн магнат. Ардчиллын сонгодог загвар гэгддэг тэнд ч, ардчиллын балчир үедээ яваа Монголд ч адилхан, ардаа санхүүгийн хөдөлгүүргүй улс төр гэж мэдээж байдаггүй.

Монголын ардчиллын түүхтэй нас чацуу улс төрийн замналтай Л.Болдын хувьд чөлөөт зах зээлийн эдийн засгийн эрин үетэй зэрэг эхлүүлсэн бизнесийн намтартай цөөхөн ултөрчдийн нэг юм. Улс төрд тэрбээр бизнесийн салбарт босгосон брэндээрээ овоглуулж, “Бодь”-ын, “Голомт”-ын гэх тодотголтой явж ирсэн. Монголын толгой компаниудын нэг “Бодь” группийг 1993 онд үүсгэн байгуулж, тэр үеийн монголчуудын хэрэглээнд шинээр орж ирсэн “хувийн хэвшил”, “чөлөөт зах зээл” гэх ойлголтууд чухам юуг хэлж байгааг үйл явц болгон үзүүлсэн хүмүүсийн нэг юм. Шинэ цагийн монголчуудад анхны дэлгэцийн компьютер, анхны гар утасны сим, анхны хувийн банк гэх зэрэг хэрэглээг таниулсан “Бодь” нь хоршооноос  пүүс, компани гэхчлэн хөгжлийн үе шатуудыг дамжин томорсоор групп болж байсан түүхтэй.

Түүний үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байсан “Голомт” банк 1995 онд анх 436 сая төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллагаагаа эхэлсэн байв. Тэгвэл тус банк өнөөдөр Монгол улсын ДНБ-ний 25% буюу дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээний 4 их наяд төгрөгийн активтай, 2.2 наяд төгрөгийн харилцагчийн эх үүсвэрийг төвлөрүүлж, 400 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн хувьд улам хүчирхэгжсэнийг түүний албан ёсны сайтаас харж болно.

Харин 2013 онд 70 гаруй охин компанийг өөртөө нэгтгэсэн “Бодь” группийн үүсгэн байгуулагчид үл ойлголцлын улмаас салж, тус группийн 33.3 хувийг эзэмшиж байсан Л.Болд өөрийн хувьцааны эрхээ бусад өмчлөгчдөд шилжүүлэн гарсан нь дуулиан тарьж байлаа. Анх 1989 онд түүний аав, ээж хоёр тэтгэвэртээ гараад “Бодь” нэртэй хоршоо байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд үүнийг Л.Болд нэрийнх нь хамт өвлөн бизнесээ өргөжүүлж эхэлсэн түүхтэй. Хожим бизнесийн салбарын аварга пирамид болж сүндэрлэсэн тэрхүү жижиг хоршооны “Бодь” нэр түүний аавынх нь төрсөн газрын нэр юм.

Гэвч “Бодь” группийн хувьцаа эзэмшигч Л.Болдын хувьд хамтрагчдынхаа итгэл эвдсэн, хууль бус, ёс зүйгүй үйлдлүүдтэй зөрчилдөж, улмаар үүнийг дотоодоо чимээгүй шийдвэрлэх аргагүй болсон учраас маш хүнд нөхцөлд компаниа орхин гарсан талаар тухайн үед хэвлэлүүд хангалттай бичиж байв. Харин тэрбээр энэ явдлыг тайлбарлахдаа “Улстөрчийн тавилангаа хөөхөөр шийдэж бизнесээ орхин гарсан” гэх мэдэгдэл хийсэн юм. Үнэндээ хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан, зөрчил нийгэмд ил гарч, банк санхүү, эдийн засгийн секторт үлэмж нөлөөтэй болсон “Голомт” банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аюул байсан учраас Л.Болд “бууж өгсөн” гэж бизнесийн хүрээнийхэн ярьдаг. Тэрбээр хувьцааны эрхээ бусад хувь эзэмшигчдэдээ 20 сая ам.доллараар үнэлэн шилжүүлсэн нь нууц биш. Учир нь 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ 33 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан байдаг. Үүнээс хойш тэрбээр “Богд” банк болон “Бодь даатгал” компаниудад хөрөнгө оруулж, шинхувь эзэмшигч болсон учраас 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдсанчлан хадгаламжийн хэмжээ 17 тэрбум төгрөг болж буурсан байх аж.

Түүний хувьд “Бодь” группийн хорин жилийн амжилтыг бүтээхэд хамгийн гол уураг тархи, нөмөр нөөлөг нь болж, санал санаачилга, цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулсан, хэтрүүлж хэлэхэд амь насаа ч зориулахад бэлэн байсан. Тийм ч учраас  “Бодь” группийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад хэтэрхий бага үнээр буюу өөрийн эзэмшиж байсан хувиа 2-3 дахин бага үнээр тооцон 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар хувьцааны эрхээ шилжүүлсэн гэж улс төр, бизнесийн хүрээнийхэн сэм ярилцдаг нь ч сэтгүүлчдийн урт чихийг тойрч байгаагүй юм. Тэрбээр яагаад үүсгэн байгуулсан компаниа тийм өндөр алдагдал хүлээн байж орхин гарсан, яагаад аавынхаа анх өгсөн  “Бодь” нэрийг авч чадахгүйд хүрсэний цаад нарийн шалтгааныг нь цаг хугацаа л тодруулж өгөх биз ээ. 

Т.СЭНДЭР

ЭХ СУРВАЛЖ:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж