Ажил дээр нь очиж вакцин хийж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Ажил дээр нь очиж вакцин хийж байгаа гэв

Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар 18-30 насны залуучуудад дархлаажуулалтын аян зарлаад байна. Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн нэмэлт дархлаажуулалтад өчигдрийн байдлаар /2016.05.19/ улсын хэмжээнд 324 944 хүн буюу нийт вакцин тариулах насны хүмүүсийн 52,1 хувь нь хамрагдаад байгаа юм. Нэмэлт дархлаажуулалт Өмнөговь аймагт хамгийн өндөр хувьтай гарчээ. Тус амйгийн 18-30 насны  залуучуудын 83,5 хувь нь хамрагджээ. Дундговь, Говь-Сүмбэр, Орхон, Сэлэнгэ аймгуудын хувьд 66,3-69,5 хувьтай байна. Харин Завхан аймагт хамгийн бага буюу 35,6 хувьтай байна. Нийслэлийн хувьд дархлаажуулалтад хамрагдах залуучуудын 48,9 хувь буюу 152 258 хүн вакцинаа хийлгэжээ. Сүхбаатар дүүргийнхэн хамгийн идэвхтэй байгаа бол Баянгол, Хан-Уул дүүргийн залуучуудын 36,9 хувь нь л тариулаад байгаа аж. Ийнхүү зарим газарт нэмэлт дархлаажуулалтын явц тааруу байгаагаас вакцин хийлгээгүй бол торгоно гэсэн мэдээлэл цацагдах болсон. Тиймээс бид энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангас тодрууллаа.

-Нэмэлт вакцинжуулалтад  цаг хугацаандаа  ороогүй бол торгууль хүлээлгэнэ гэсэн мэдээлэл гарчээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Дархлаажуулалтын тухай хуулинд  тийм заалт бий. Хэрвээ халдварт өвчний дэгдэлтийн үед нийтийг хамарсан дархлаажуулалтад оролцохоос татгалзсан болон  эсэргүүцсэн бол 20-30 мянган төгрөгөөр торгоно  гэсэн заалт байдаг. Гэвч бид торгох, шийтгэхийг урьтал болгоогүй. Гагцхүү тавдугаар сарын 25-наас өмнө амжаад вакцинаа хийлгээч ээ гэж уриалж байгаа. Энэ нь эргээд өөрсдийгөө болоод үр хүүхэд, ах дүүс, найз нөхдөө улаанбурханаар өвдөхөөс сэргийлж байгаа хэрэг шүү дээ.

-Залуучууд заавал харъяа эмнэлэгтээ очих ёстой юу?

-Нэмэлт дархлаажуулалтын аян өрнөж байгаа тул улаанбурханы вакциныг харъяалал хамаарахгүй хийнэ.  Тиймээс ажил, гэртээ хамгийн ойр аль нэг эмнэлэгт очоод вакцин хийлгэж болно.

-Өдөр тутам байнгын ажилтай, гарч амжихгүй хүмүүс байдаг. Тэдэнд зориулсан тусгай үйлчилгээ бий юү?

-Албан байгууллагуудад ажлын байраа орхих боломжгүй бол байнгын ажилтай хүмүүс цөөнгүй байдаг. Тийм хүмүүст зориулан албан байгууллага нь захиалга өгч байгаа. Байгууллагуудын захиалгын дагуу ажил дээр нь вакцин хийж байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж