Хэрэг гарсан дотуур байр эзгүйрчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Хэрэг гарсан дотуур байр эзгүйрчээ

Оюутан, сурагчдын мөнгөн хонхны баяр тохиож буй энэ үед Монгол улсын боловсролын их сургуулийн оюутны тавдугаар байрныхан уй гашуутай байна. Учир нь тус сургуулийн дотуур байранд төгсөх курсийн оюутан охин Б хутгалуулсан байдалтай амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт гарсан. Хэрэг гарахын өмнөх орой дизайны мэргэжлээр суралцаж байсан төгсөх ангийн оюутан охин дотуур байрандаа найз залуугаа дагуулж очжээ. Тэрээр дотуур байрны жижүүрээс найз залуутайгаа хонох зөвшөөрөл авсан байна.

Гэтэл маргааш өглөө 09:00 цагийн үед оюутан охин хувцас хунар нь цусанд будагдчихсан, хутгалуулсан байдалтай гарч иржээ. Охиныг харсан жижүүр болон оюутнууд айн сандарч, охины өрөөнд ороход найз залуу нь бас цус нөж болчихсон хэвтэж байжээ. Ингээд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн ажээ.

Оюутан охин Б цус их алдаж байсан тул Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан хэдий ч цус их алдсаны улмаас амьсгал хураажээ. Харин түүний найз залуу Т-ын хувьд биеийн байдал хүнд байсан ч түргэн тусламж амжиж ирсэн байна. Тэрээр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн  гэмтэл, мэс заслын тасагт хагалгаанд орсон бөгөөд одоо харьяа дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Тус сургуулийн оюутны тавдугаар байраар ороод гарахад нэг л нам гүм айдаст автсан байдалтай байлаа. Хэрэг гарах үеэр дотуур байранд цөөхөн оюутан байсан бөгөөд ихэнх нь амарсан байжээ. Дотуур байрны жижүүрийг хэрэг гарах өдөр талийгаачийг найз залуутай нь оруулах зөвшөөрөл өгсөн хэмээн ажлаас нь халсан тухай жижүүр эмэгтэй хэлэв. Тэрээр “Талийгаач дотуур байранд амьдраад сар гаруй болж байсан. Одоогоор сургуулийн зүгээс энэ талаар мэдээлэл өгч чадахгүй. Дотогшоо хэнийг ч оруулахгүй байгаа. Хэргийг холбогдох байгууллагад шалгуулж байна” хэмээн ярилаа. Тэнд амьдарч байсан охин хэрэг гарсны дараа хамаатных руугаа нүүсэн гэнэ. Тэрээр дотуур байр руугаа орохоос айдас хүрч буйгаа ярилаа.

Талийгаач Б нь Хэнтий аймгийн харьяат бөгөөд ой найман сартай хүүхдийн ээж байжээ. Хэдхэн хоногийн дараа дипломоо гардан авах байсан залуухан бүсгүй бусдын гарт хорлогдсон уу, өөрийнхөө амийг хорлов уу гэдгийг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгаж байна.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ хэргийн сэжигтнээр найз залуу болох Т-г татаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна. Ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Энэ сарын 15-ны өглөө Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оюутны байранд энэ хэрэг гарсан. Шинжилгээний дүн хараахан гараагүй байна” гэв.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж