Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Баярцогттой холбоотой үг хэлсэн. Гэтэл уржигдар /05.18/ өдөр зарим үүрэн холбооны операторын хэсэг хэрэглэгчдэд "12345" гэх дугаараас улс төрийн агуулга бүхий дуут мессэжийг илгээсэн тухай иргэд цахим ертөнцөд мэдээлж эхэлсэн. Тэгвэл энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Тагнуулийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ. Мөн “Мобиком” корпорациас "2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 16:25 цагт Мобиком корпораци болон бусад үүрэн холбооны операторын зарим хэрэглэгчийн гар утсанд улстөрийн утга агуулга бүхий дуут мессэжийг зохион байгуулалттайгаар илгээсэн үйлдэл гарлаа. Мобиком Корпораци шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тус дугаарыг хааж, холбогдох байгууллагуудад мэдэгдээд байна…" гэсэн тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийсэн байна.
Харин Мэдээлэл технологи, шуудан, харилцаа, холбооны газар өчигдөр шуурхай хуралдаж, дээрх дуут шууданг олон улсын үйлчилгээ ашиглан Монголын үүрэн болон суурин утас хэрэглэгчид рүү дуут шуудан илгээсэн болохыг тогтоожээ. Мөн цаашид мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар хөгжихийн хэрээр улстөрийн бохир, захиалгат явуулга даамжрахыг үгүйсгэхгүй. Иймээс олон нийтийг хамарсан онцгой арга хэмжээ, үйл явдлуудын үеэр мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагын харьяа аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулах талаар яригдаж байгаа талаар МТШХХГ-аас онцлон мэдээлжээ.
Д.УУДАМ