Хэн их зүтгэл гаргана тэр амжилтад хүрнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Хэн их зүтгэл гаргана тэр амжилтад хүрнэ

Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд хагас сарын турш үргэлжилсэн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.

Тэд шигшээ тоглолтод өрсөлдөж буй хамгийн залуу бүрэлдэхүүнтэй хэрнээ хамгийн уран гоё тоглолттой “ДМЮ” клубтэй дахин таарч 3:1-ээр буулган авав. Тэд нэг хэсгээс хамт шалгарч, явсаар шигшээ тоглолтод дахин уулзсан юм. УАШТ-д Монгол Улсын зүүн хязгаараас хамгийн хол зам туулж ирсэн, Улаанбаатарт олон хоног байсан, хамгийн их сэтгэл зүтгэл гаргасан баг түрүүлсэнд олон хүн ам сайтай байна. Хөдөө орон нутгийн баг хотод олон хоног байх нь амар зүйл биш. Улаанбаатарт хамаатан садантай нь тэднийдээ бараадаж, бусад нь Зурагтад айлын хашаа байшинд амьдарсан юм билээ. Тоглогчдын ихэнх нь ОБЕГ, цахилгаан станцад ээлжийн ажилтай тул чөлөө авахад амар байсангүй. Зарим нь УАШТ-ий үеэр нутаг руугаа очоод буцаж ирж, тэмцээн эхлэхэд байсан гурван хүү нь БНХАУ руу сургуульдаа явсан гээд бэрхшээл олон байв. Гэсэн ч дорнодчууд Үндэсний цомын тэмцээний 2013 оны алт, 2011, 2015 оны хүрэл медаль дээрээ 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий цомыг нэмж чадлаа. Монголын хөлбөмбөгийн холбооноос УАШТ-д оролцох багуудад шалгуур тавьж, эрхийн төлбөр авсан ч 20 баг өрсөлдөв. Эхний таван байрт шалгарсан баг удахгүй эхлэх “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т оролцох эрх авах байсан нь өрсөлдөөнийг ширүүсгэлээ. Багууд эхний шатанд дөрвөн хэсэгт тав таваараа хуваагдан тоглосон. 

Үүнээс “Үхлийн хэсэг” нь яалт ч үгүй “С” байв. Дорнод аймгийн шигшээ баг, “Леженд”, “Бумаасанаа”, “ДМЮ”, “Мэжик фүүт” тав орсон юм. Том тэмцээний утаа анх үнэрлэсэн “Мэжик фүүт” нөгөө бусад багтаа олон гоолын зөрүүтэй хожигдож, нөгөө дөрөв нь адил долоон оноотой зэрэгцэв. Ингээд дүрэм ёсоор дөрвөн багийн хоорондын тоглолтыг авч үзэхэд “ДМЮ” нэг, Дорнод хоёрдугаар байраар шалгарч “Леженд”, “Бумаасанаа” тэмцээнийг харамсалтай орхисон билээ. Хэрвээ “ДМЮ” хэсгийн сүүлийн учраа “Леженд”-ийг хоёр гоолын зөрүүтэй (4:2) хожоогүй бол байдал хаашаа ч эргэж мэдэх байлаа. Басхүү “ДМЮ” Дорнодтой тоглохдоо шүүгчийн мэдлийн 90+3 дахь минутад пенальти алдаж оноо хуваагаагүй бол гол өрсөлдөгчөө маш эрт замаасаа холдуулах байсан юм. Хасагдах шатанд ч бас л амаргүй тоглолт олон болсон. Дорнод аймгийн шигшээ баг шөвгийн наймд энэ удаагийн тэмцээний хамгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан “Бешикташ”-ыг буулган авсан юм. Хөлбөмбөгийн спортын мастер, туршлагатай мэргэжилтэн Л.Донтор олон жилийн өмнө өсвөр үеийнхний ангилалд “Хаан хүнс титэм” нэртэйгээр амжилттай тоглож явсан шавь нараа цуглуулсан нь олон багийн зүрхэнд шар ус хуруулсан биз ээ. Гэсэн ч “Бешикташ” Дорнодтой гоолгүй тэнцэж, ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулахад аз дутсан юм. Л.Наранбаатар дасгалжуулагчийн шавь нар энэ эрчиндээ хагас шигшээд бас л хүчтэй өрсөлдөгч “Вестерн”-ийг 1:0-ээр ялсан. “ДМЮ” ч шигшээ тоглолт хүрэхдээ хүндхэн зам туулсан. Шөвгийн наймын буюу “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн эрхийн төлөөх хариуцлагатай тоглолтыг Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл”-тэй хийв. 

Өсвөр үеийнхний ангилалд маш хүчтэй өрсөлддөг энэ хоёр баг өнгөрсөн жил “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т тоглосон ч 10 багаас сүүлийн хоёрт бичигдсэн тул хасагдаж, эргэн ирэхийн тулд УАШТ-ий хагас шигшээд үлдэхээс өөр аргагүй болоод байв. Асар их хариуцлага дагуулсан энэхүү тулаанд “ДМЮ” 3:1-ээр ялсан. Өнгөрсөн жил “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т амжилттай тоглосон “Хилчин” багийн гол тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн нь “Жипро”-г улам ч хүчтэй бүрэлдэхүүнтэй болгосон байлаа. Тэд шөвгийн наймд “Шонхорууд”-ыг 6:3-аар ялж лигийн эрх хүртсэн ч хагас шигшээд “ДМЮ”-ын хөвгүүдийг ялж аргалж чадсангүй. Маш сонирхолтой өрнөсөн тус тоглолт үндсэн цагт 2:2-оор тэнцэж, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад жаахан хүүхдүүдийн аз шовойсон юм. Гэхдээ “Жипро” хоосон үлдээгүй бөгөөд хүрэл медалийн төлөөх тоглолтод “Вестерн”-ийг 7:3-өөр буулган авав. Харин Ховд аймгаас гаралтай “Вестерн”-ийнхэн ээлжит удаагаа медалиас азгүй байдлаар мултарлаа. 

Тэднийг хэдэн жилийн өмнө найман тэмцээн дараалж дөрөвдүгээр байрт орсныг дуулаад гайхаж байснаа нуух юун. “ДМЮ” клубийн цөмийг 2000-2001 онд төрсөн 15-16 настай хүүхдүүд бүрдүүлсэн байв. Үүнийг гэрчлэх мэт Дорнод хийсэн шигшээ тоглолтын гарааны 11 тоглогчийн талаас илүү нь энэ насныхан байсан. Энэ хүүхдүүд өсвөр үеийнхний ангилалд маш хүчтэй өрсөлдөгч. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд 15 хүртэлх насныхаа ангилалд футзалын УАШТ, талбайн УАШТ, лиг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болсон олон улсын өндөр чансаатай тэмцээнд түрүүлснийг нь сурвалжлагч миний бие гэрчилнэ. Тус клубийн дасгалжуулагч энэ жил гадаа талбайн тэмцээнд “Хараацай” клубийн таван тоглогчийг “зээлээр” тоглуулж буй нь их хэрэг болж байгааг дурдсан. Гэсэн ч шигшээ тоглолтод авьяас туршлагыг үл дийлж, Дорнод аймгийн шигшээ баг цөм өргөснийг хамгийн эхэнд дурдсан билээ. УАШТ ийнхүү гайхалтай өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Тэмцээний шилдэг хаалгачаар Б.Батсуурь (Дорнод аймаг), хамгаалагчаар Б.Очирсүрэн (Вестерн), хагас хамгаалагчаар Ө.Төрбилэгт (ДМЮ), довтлогчоор 14 гоол хийсэн Г.Жаргалсайхан (Жипро), шүүгчээр МХБХ-ны хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Р.Жаргалсайхан тодорлоо.

Д.ЖАВХЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж