Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний үеэр хоёр тал, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг зэрэгцүүлэн амжилттай хөгжүүлж чадсан, IT болон ногоон технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс болох БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мөн өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо байгуулагдаж, энэ онд хоёрдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсан нь, энэхүү бүтэц цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцох чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг санал нэгтэй онцлов.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва бараалхлаа гэж манай сэтгүүлч Л.Нарантөгс Сөүл хотоос мэдээлэв.