Дэлхийн жуулчдын тоо буурна

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн жуулчдын тоо буурна

Аялал жуулчлалын салбар аливаа орны ДНБ-ны нэлээд хувийг бүрдүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хэмжээгээр аялал жуулчлалын ерөнхий ашиг 2015 онд 3,6% болж 1,4 их наяд ам.долларт хүрчээ. Үүнд, гадаадад аялагчдын зочид буудал, ресторан, шоу зугаа цэнгээний арга хэмжээ, шопингийн үнэ багтсан байна. Дэлхийн улс орнуудаас хятадууд гадаадад хамгийн их мөнгө үрдэг. Өнгөрсөн 2015 онд Хятадын аялал жуулчлалын зардал 25 хувиар нэмэгдэж, 292 тэрбум ам.долларт хүрсэн байна.  Харин Барууны хориг, нефть, байгалийн хийн уналтын улмаас эдийн засгийн хүндрэлд орсон ОХУ-ын иргэдийн гадаадад аялах тансаглал бага зэрэг хумигджээ. Оросууд өнгөрсөн онд 35 тэрбум ам.долларыг гадаадад үрсэн байв.

Тэрбум гаруй хүн аялж зугаалжээ

Дэлхий дахинаа жуулчдын тоо өнгөрсөн онд 4.4 хувиар нэмэгдэж, тэрбум 184 саяд хүрсэн байна. Бүс нутгаар авч үзвэл Европ, Америк, Ази, Номхон далайн орныг зорих жуулчдыг тоо таван хувиар нэмэгджээ. Харин Ойрхи-Дорнод, Африкийн орнуудад гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Азийг зорих жуулчдын олонх нь Хятадад ирдэг тухай Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Үүний дараа Япон, Тайланд зэрэг орнууд жуулчдыг ихээр татдаг. Харин энэ 2016 онд дэлхий дахинаа жуулчдын тоо бага зэрэг буурах төлөвтэй байна. НҮБ-ын дэргэдэх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар энэ онд аялал жуулчлалын өсөлт дөрвөн хувьтай байх гэнэ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал эргэлзээтэй, олон улс эдийн засгийн хямралд өртөж, исламын террор нэмэгдсэн зэрэг нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлөх аж.

Исламын террор ба аялал жуулчлал

Европын холбооны удирдлагын байр орших Бельгийн Брюссель хотноо өнгөрсөн гуравдугаар сард террорист халдлага гарч 32 хүн амь үрэгдсэний дараа онгоцны тийзийн захиалга 10-20 хувиар буурсан аж. Түүнчлэн Оросын агаарын тээврийн онгоц өнгөрсөн аравдугаар сард Синайн хойгт осолдсоны параа Египетийг зорих жуулчдын тоо огцом багасчээ. Эртний пирамидаар алдартай Египет орон аравдугаар сарын төгсгөл гэхэд 16.4 тэрбум ам.долларыг аялал жуулчлалын салбараас олсон нь түүхэн доод үзүүлэлт юм. Египетийг зорих хүмүүсийн тоо үргэлжлүүлэн буурсаар энэ онд дөнгөж найман тэрбум ам.долларыг аялал жуулчлалаас олох урьдчилсан тооцоо гарчээ.

Монгол улсын аялал жуулчлалын нөхцөл байдал

Сүүлийн 10 жилийн байдлаас харахад Монгол улсад жил бүр 400 мянга гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал, 2014 онд 390 мянган жуулчин ирсэн байна. Харин Монгол Улсын Засгийн газраас 2016 онд гаднаас ирэх жуулчдын тоог нэг саяд хvргэх зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хот энэ жил ирэх жуулчдын тоог 10 хувиар буюу 40 мянгаар нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавьж,  аялал жуулчлалын салбарт 3.6 тэрбум төгрөгийг  зарцуулахаар төсөвлөжээ. Өнгөрсөн жил хот 3.4 тэрбум төгрөгийг жуулчдыг татах ажилд зориулж, эргээд аялал жуулчлалын салбараас 20 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон аж. Монголд ирсэн нэг жуулчин хоногт дунджаар 190 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгааг Монгол банк гаргасан байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж