Ажил хийсэн нь адлагдах уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Ажил хийсэн нь адлагдах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний хувиар хийж гүйцэтгэсэн ажлаа өнгөрсөн онд УИХ-д танилцуулсан бол өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийнханд танилцууллаа.  Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчөөс УИХ-д болон орон нутгийн иргэддээ хийсэн тайлангаа танилцуулсан анхны Ерөнхийлөгч гэж тодотгож болно. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд:

  1. “Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх”,

  2. “Үндэсний аюулгүй байдлыг хангах,төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх”, Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох,

  3. “Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого”,

  4. “Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэл, монгол хүн, Монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих”,

  5. “Гадаад бодлого буюу Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх”, Бусад буюу олон нийтээс гарсан санал, санаачлагыг цаашид хэрэгжүүлж ажиллах нь гэсэн есөн чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон хуулийн төсөл санаачилснаас цөөнгүй нь батлагдан гарсан.

Ерөнхийлөгчийн санаачилж батлуулсан “Шилэн данс”, “Нийтийн сонсгол”, Шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд нь нийгэм, эдийн засгийн болон хуулийн салбарт үгүйлэгдэж байсан цоо шинэ орчинг бүрдүүлж эхлээд байна. Нөгөөтэйгүүр, эдгээр хууль нь “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх цогц концепцийн хүрээнд хийгдэж буй ажлууд бөгөөд ингэснээрээ Монголын төрийн төлөвшил, улс төрийн намуудын соёл, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход томоохон хөшүүрэг болох юм. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг хангадаг, иргэндээ үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлдэг нээлттэй ардчилсан төртэй болохын тулд Ерөнхийлөгчийн баталсан хуулиуд дарга нартай хариуцлага ярьдаг, данс, түрийвчийг нь “сөхдөг”, идсэн уусныг нь илчилдэг, иргэндээ үйлчилдэг болгож байна.

Хэзээ байхдаа бид дарга нарын “данс”-ыг шалгаж, төрийн байгууллагын “түрийвчийг” сөхөж үзэх эрхтэй байсан бэ. Монголын төр жилээс жилд данхайж, энэ хэрээр төсвийн зарлага, зардал ч дийлдэхээ больсон. Том, том жип унасан дарга нар олшрохын хэрээр татвар төлөгчдийн мөнгө чухам юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжгүй хийгээд нуугдмал байлаа. Харин өнөөдөр энгийн иргэн Дорж, Долгор, Дондог гээд хэн ч байлаа гэсэн хаанаас ч хэн гэдэг гишүүн, ямар сайд, ямар байгууллага төсвийн мөнгөөр “тоглож” байна уу, ажиллаж байна уу гэдгийг харах эрхтэй, шүүмжлэх тоотой болсон.   

Хамгийн сүүлд гэхэд дарга нарын “давхар дээл”-ийг тайлах төслийг Ерөнхийлөгч хоёронтаа өргөн барьж байж УИХ арай гэж хэлэлцэхээр боллоо шүү дээ. Өөрсдийнх нь өмсч байгаа хэдэн “давхар дээл”-ийг тайлна гэхээр гишүүдэд хэцүү байх л даа. Гэвч,  улс орны хөгжлөө бодсон ч УИХ болон Засгийн газар хооронд “зааг” гаргахаас өөр аргагүй. Байнгын ажиллагаатай парламент байгууллагдсан 26 жилийн хугацаанд хууль батлах, бодлого хэрэгжүүлэх хоёр байгууллагын эрх үүрэг нь улам ойлгомжгүй, тодорхойгүй болж, “цус ойртолт” болчихоод байна шүү дээ. Чухамдаа бол улс төр дэх хариуцлагагүй, хяналтгүй, замбараагүй байдал, хэрүүл талцал, төсвийн үрэлгэн байдалтай тэмцэж, эрх мэдэлтнүүдийн иддэг уудаг болгонтой тэмцэж байгаа ганц хүн бол Ерөнхийлөгч. Түүнээс  өөрөөр дарга нартай хариуцлага ярьдаг, давхар дээлийг нь тайлуулна гэсэн хуулийн төсөл санаачлах субъект өнөөдөртөө алга байна. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу  том төрөөс ухаалаг төр рүү шилжих хөрс суурийг бүрдүүлэхээр хичээж байна. Харин түүний энэ санаачлага иргэдэд таалагдаж буй ч эсрэгээрээ  эрх мэдэлтнүүд, дарга түшмэдийн дунд ил биш гэхнээ далд эсэргүүцэж байгаа хүмүүс бол бий. Мэдээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэсэн давхардсан эрх мэдлээ алдаж, иргэдэд дансаа шалгуулдаг болох нь тэдэнд “онцгүй” байгаа л даа. Гэвч, өнөөдөр захын дарга төсвийн хөрөнгөөр гадагшаа зугаалахдаа айхгүй юм аа гэхнээ аягүйцдэг болсон нь “Шилэн данс”-ны ач шүү дээ.

Ажил хийх гэсэн нэгнээ буруутгадаг нь буруу зуршил, атаархуу хандлага монголчуудад бий. Гэхдээ Ерөнхийлөгчийг ажил хийлээ хэмээн буруутгаж буй хүмүүс бол дандаа дарга нар. Дарга нарт үйлчилдэг том төр биш, иргэддээ үйлчилдэг ухаалаг, ёс зүйтэй төртэй болох нь Монгол Улсын том эрх ашиг юм.

“Шүүмжлэлд өртөхгүй гэвэл юу ч битгий хий” гэсэн үг бий.Шүүмжлэлээс айсан бол Ерөнхийлөгч юу ч хийхгүй байж болох л байсан шүү дээ.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж