Монголын төрийн алба төрлийн алба болоод удаж байгаа. Нэг хүнээр “овоглогдоод” удаж байгаа бүхэл бүтэн дүүрэг ч байна. Нэг айлын хоёр хүргэн хоёулаа УИХ-ын гишүүн болсон азтай хадам бас бий. Төрийн албыг төрлүүдээс цэвэрлэе гэж монголчууд ярьдаг ч үнэндээ бол томилогдсон төрийн албанаас гадна сонгогддог төрийн алба нь төрлийн болж магадгүй байна.
Энэ жилийн сонгуульд уралдахаар өөрийгөө сойж байгаа хүмүүсийг харахад ах дүү, хамаатан садангууд цөөнгүй өрсөлдөхөөр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа УИХ-д бие дааж нэр дэвшихээр СЕХ-нд саналаа өгөөд буй. Тэгвэл С.Ганбаатар нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр дэвших газар очиж, нэрээ “сойх”-оо мэдэгдээд байгаа. Ийнхүү нэг гэрийн хоёр буюу, ах дүү хоёр хоёулаа улстөрд хүч үзэхээр төлөвлөжээ. С.Ганбаатар ч, С.Гантуяа ч хоёулаа “Оюутолгой”-н төсөлд “харшилтай” ханддаг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү Ардчилсан намаас Дундговьд нэр дэвших бол түүний эгч Б.Саранчимэг Баянзүрх дүүргээс МАН-аас нэр дэвшинэ. Б.Наранхүүгийн хувьд улс оронд хэрэгтэй хууль батлахаас илүүтэйгээр тойргийн хэдээ машин, сургалтын төлбөрөөр “тойглосон” хүн. Өнгөрсөн дөрвөн жилд чуулганы хуралдаандаа бараг суугаагүй.
Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт нар нэг айлын хүргэчүүл бөгөөд хоёулаа Ховдоос нэр дэвшихээр болжээ. Ховд аймаг гурван мандаттай бөгөөд Д.Батцогт, С.Бямбацогт нар Ховдын хоёр өөр тойрогт нэр дэвшихээр болсон байна.
Мөн Ардчилсан намын нэр дээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин, хүү хоёр нэр дэвшихээр яригдаж байгаа. Охин Б.Энхбайгаль нь Ардчилсан намаас Дорнодод нэр дэвшихээр яригдаж байгаа бол ах Б.Хүдэр-Ян нь ИЗНН-аас Ардчилсан намын нэр дээр Хэнтийд өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий.
“Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу Г.Уянгын Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэн. Тэрбээр төрсөн нутаг Завхан аймагт нэр дэвших сурагтай. Тэгвэл түүний төрсөн дүү Ш.Батсайхан мөн л МАН-аас Завхан аймагт нэр дэвшихээр болсон. Сүүлийн үед “Нарантуул” захынхаа асуудлаас болж ах дүү хоёр түнжин хагараад байгаа бөгөөд нэг тойрогт тулж магадгүй байна.
Баянгол дүүргийн ИХ-ын төлөөлөгчдийн ихэнх нь С.Эрдэнийн ах дүү гэсэн шүүмжлэл өнгөрсөн дөрвөн жил тасраагүй. Энэ талаар С.Эрдэнэ сайд телевизийн ярилцлагад орохдоо эхнэр нь, охин нь, хүү нь хүргэн нь гээд нийтдээ хамаатных нь ердөө зургаахан хүн л Баянгол дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байгааг хэлж байв.
Томилогдог нь ч, сонгогддог ч нь төрийн алба дээр дооргүй төрлийн алба болчихвол эрх ашгийг зөрчилдөөн үүснэ. Гэвч, УИХ-д нэр дэвшиж байхаа ах, дүүсийг буруутгах аргагүй. Тэд Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж байгаа. Харин ах, дүүс, хамаатан садангуудаар УИХ-ыг дүүргэж, хууль тогтоох төрийн дээд байгууллагаа төрлийн алба болгох уу гэдгийг сонгогч бид л эцэст шийдэх юм шүү дээ.
Б.БАТ