Гааль татварын ерөнхий газар /ГТЕГ/, Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ өчигдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ 400 сая төгрөгийн азтантай холбоотой албан ёсны мэдээлэл хийжээ. Тэд н.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон гэжээ.
Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг энэ хичээлийн жилд багтаж зарлах шаардлагыг төрийн өмчийн их, дээд сургуулиудад ШӨХТГ-аас хүргүүлжээ. Мөн тус газраас өчигдөр шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэж мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өчигдөр /2016.05.19/ өглөө БНСУ-ын ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хөх ордноо угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Хөх ордны суурин дээр Солонгосын хаадын өргөө, ордон байсан аж. Мөн Японы колончлолын үед Амбан захирагчийн ажлын байр, өргөө одоогийн Хөх ордны ойролцоо байрлаж байжээ. Ерөнхийлөгчийн ордонг 1960 оноос гол барилгын дээврийн өнгөөр "Хөх ордон" хэмээн нэрлэх болжээ.
Монгол Улсын Зам тээврийн яам, Эрүүл мэнд спортын яамд болон Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНСУ-ын хилийн хорио цээрийн агентлаг хооронд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр талууд гарын үсэг зуржээ. Ийнхүү санамж бичиг байгуулснаар БНСУ-ын хилээр дулааны аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалийн бичигтэй байгаа бол ямар нэг саадгүй нэвтрүүлэхээр болж байна. Харин хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 300 сая ам.доллараар цахилгаан станц байгуулах бүтээн байгуулалтын ажил хийхээр боллоо. Мөн Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэгтэй болохоос гадна БНСУ-ын хөрөнгө оруулалттай шинэ эмнэлэг Улаанбаатар хотноо байгуулах юм.
Чингэлтэйн эцсийн буудлаас Монел дэлгүүр хүртэлх 1.7 км авто замын суурь хучилтын ажил сүүлийн өдрүүдэд явагдаж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаажээ. Энэ замыг мөн зургадугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах ёстой. Гэтэл замын трансд орсон 18 айл одоог хүртэл газраа чөлөөлж өгөөгүй байгаа юм. Дээрх айлуудын долоо нь хашаагаа зөвшөөрөлгүй сунгаж, замын трансыг таглажээ.
Сүхбаатар дүүргийн 29 дугаар хороонд Шаргаморьт руу өгсөх зам дагуу замын ажлын транст орсон 160 мкв талбай иргэн Ч-ийнх газраа чөлөөлж өгөөгүйгээс Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 километр замын ажил гацжээ. Зам тагласан энэ айлынх зөвшөөрөлгүй газраа зүүн тийш сунгаж, ийнхүү замыг тагласан байна. СБД-ийн Өмч, харилцааны газраас 33 сая 555 мянган төгрөгийг нөхөн төлбөрт нь өгнө гээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд иргэн Ч-г газраа чөлөөлөл гэсэн байна.
“Саусгоби сэндс” компанид 400 гаруй орон нутгийн ажилчид ажилладаг байна. Монголын хэвлэл мэдээлэл болон сошиалаар цацагдаад буй “Тавантолгой дээр хятадууд орлоо” гэх мэдээлэл бол худлаа гэдгийг албаны хүмүүс тодотгож байгаа юм. “Саусгоби сэндс” нь Тавантолгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг өөрөө бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй юм байна.
Францын нийслэл Парис хотоос Каир хүрэхээр нисч явсан “Airbus A320-232” онгоцыг Египетийн эргийн ойролцоо Газар дундын тэнгист осолдсон гэж үзэж байна. Нисэх онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө холбоо тасарсан юм. Эрлийн баг Египетийн хойд хэсгийн эргээс 280 км орчимд эрэл хайгуул хийж эхэлжээ. Газар дундын тэнгисийн орчимд хайгуул хийхэд туслахаар Грекийн талаас баг илгээсэн байна. Түүнчлэн Газар дундын тэнгист явж байсан худалдааны хөлөг онгоцны ахмад Карпатос арлаас 130 далай тэнгисийн милл зайд агаарт утаа суунаглаж байсныг Египетийн албаныханд мэдэгдсэн байна.