Эрчим хүчний салбарын теле уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын теле уулзалт боллоо

Дэлхийн банкнаас гаргасан “Өөрчлөлтийн салхи буюу Зүүн Азийн тогтвортой эрчим хүчний ирээдүй” сэдэвт тайланг танилцуулах онлайн уулзалт Монголд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн байранд боллоо.  Уг телеуулзалтад Тайланд, Хятад, Вьетнам, Индонези, Филиппин, Сингапур, Монгол, АНУ-гаас Дэлхийн банкны төлөөлөгчид, орон орны сурвалжлагч, хэвлэлийн төлөөлөгчид оролцлоо. Хятад, Индонези, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн Зүүн Азийн зургаан орны эрчим хүчний одоогийн болон ирээдүйн нөхцөл байдлын тухай уг тайланд судалсан байна.

“Сүүлийн 30 жилд Зүүн Азийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ арав дахин  өссөн нь эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлсэн. Цаашид хот суурин газрын хүн амын тоо 50 хувиар өсч бүс нутагт аж үйлдвэрийн хөгжил үргэлжилсээр байх тул ирэх 20 жилд эрчим хүчний хэрэглээ даруй хоёр дахин өсөх хандлагатай байна” гэж уг тайланд өгүүлсэн байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг байгальд ээлтэй байдлаар хангаж, нүүрстөрөгч буюу Со2-ыг бага ялгаруулж, хүлэмжийн хий нэмэгдүүлэхгүй байдлаар эрчим хүч үйлдвэрлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний дэвшилтэт технологиудыг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Түүний хамтаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дорвитой буулгасан байлгахын тулд одооноос эхлэн бүс нутгийн хэмжээгээр жил бүр 80 тэрбум ам.доллар нэмж зарцуулах хэрэгтэй. Энэ зардлын 80 хувь нь Хятадад ноогдох болно гэж тооцсон.
Эрчим хүчний ирээдүйн хэрэглээг тооцохын тулд хот байгуулалтыг алсын хараатайгаар хийж, хот байгуулахдаа эрчим хүчний асуудал, ногоон-хот байгуулах зорилтыг хамт шийдвэрлэхийн чухлыг мөн сануулсан. Зөвхөн Хятад улсад л гэхэд ойрын 20 жилд 300 гаруй сая хүн хөдөөгөөс хотууддаа шилжин суурьших болно гэж Дэлхийн банк тооцоолж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын хүн амтай дүйцэхүйц юм.
Сэргээгдэх эрчим хүчинд салхины генератор, биомасс, усны жижиг оврын цахилгаан станц, газрын гүний дулааны станц, нарны батерей зэрэг технологиудыг ярьж байна. Харин аюулгүй байдал, цөмийн хаягдал зэрэг асуудалтай холбоотойгоор атомын цахилгаан станц байгуулах асуудлыг Дэлхийн банк дэмждэггүй гэсэн байр сууриа мөн илэрхийлж байсан.  Эдийн засгийн өнөөгийн хурдцаар явбал Зүүн Азийн орнуудын ялгаруулж буй нүүрсхүчлийн хийн хэмжээ 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин их болно. Харин сэргээгдэх эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглаж чадвал нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 37 хувиар бууруулах болно гэж тайланд тооцсон байна. Өнөөдөр Зүүн Азийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн 73 хувийг нүүрснээс, түүнээс арай бага хувийг байгалийн хий, цөмийн реакторуудаар үйлдвэрлэж байгаа бол ногоон технологи ашигласнаар 2030 он гэхэд нүүрснээс нийт эрчим хүчний 37 хувийг үйлдвэрлэдэг болно. Атомын цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэлгүйгээр харин усан цахилгаан станц болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжаас бусад хувийг үйлдвэрлэх болно гэж тооцоолж байна.
Зүүн Азийн бүс нь дэлхийн бусад бүсүүдтэй харьцуулбал эрчим хүчний хувьд өвөрмөц онцлогтой. Дэлхийн хурдацтай хөгжиж байгаа хүчтэй эдийн засгууд байрладгаараа юуны өмнө эдийн засгийн чадавхитай. Хятад улс нүүрсний технологид тулгуурлаж байгаагаа улам бүр багасгаж, байгальд илүү ээлтэй технологи нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Филиппин улс олон тооны арлуудаас бүрддэг нь бага оврын усны эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боломж олгож байна. Тайланд улс хууль тогтоомжиндоо зохицуулалт оруулж эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийг тариффаар зохицуулахаар оролдож байгаа нь өвөрмөц бөгөөд шилдэг хандлагууд болж байна гэж Дэлхийн банкны уг тайланг гардан хийсэн судлаач доктор Xiadong Wang ярьсан.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж