УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан мэдүүлсэн энэхүү төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан байна. Энэ нь хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болж буй аж.
Мөн өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолсон байна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсоноор гэм буруутай этгээд хариуцлага хүлээх нөхцөл бүрдлээ.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн талаарх мэдээллийг иргэд заавал өгч байхаар хуульд зохицуулалт оруулжээ. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгсөн иргэнийг нууцлах юм байна. Үндсэндээ хохирогч гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин энэ хуулиар бүрджээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Г.ДАРЬ