УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 90.2 хувийн саналаар дэмжин баталлаа.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон байна. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй гурав дахин нэмэгджээ.
Япон улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг аж. Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж байгаа нийт хог хаягдлын 75 хувийг хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг бол 15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг. Харин үлдэж байгаа 5-10 хувь нь цуглуулагдаж чадахгүй ил задгай хаягддаг. Үүнээс гадна хуучин авто тээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байгаа юм байна.
Орон нутагт хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах, хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, тавигдах шаардлага, стандарт байхгүй, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгжихгүй байгаа аж.
Мөн зарим төрлийн хог хаягдал тухайлбал, цахим болон цахилгаан хэрэгслийн, барилгын, хөдөө аж ахуйн болон хүнсний гаралтай хог хаягдлыг хэрхэн ямар арга замаар устгах, боловсруулах нь тодорхойгүй, энэ тал дээр хийгдсэн тооцоо, судалгаа, бүртгэл, мэдээлэл хангалтгүй байгаа юм байна.
Иймээс хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзэн, Хог хаягдлын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Улс орнууд хог хаягдлыг дотор нь шатдаг, шатдаггүй гэж ангилдаг. Шатдаг хогноос эрчим хүч үйлдвэрлэж, ашигладаг. Энэ хууль хэрэгжихэд шатдаг хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үү” гэдгийг тодрууллаа.
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Засгийн газар хуулийн төслийг өргөн барьсан, бүх орох ёстой асуудал орсон” гэсэн тайлбар хийсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Аюултай хог хаягдлаа уул давуулаад хаячихдаг, түүнийг нь үхэр, мал иддэг, махыг нь иргэн нь иддэг гээд аюултай зүйлүүд их байна. Аюултай хог хаягдлыг хэрхэн зохицуулж байна вэ?
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Оюунгэрэл: Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх гол санаа нь аюултай хог хаягдлаас эхлэлтэй. Аюултай хог хаягдлын зөвшөөрлийг хэн олгох юм, яаж саармагжуулах юм, хаана хаях юм гэдэг зохицуулалтгүй байсан. Энэ хуульд Аюултай хог хаягдлын бүлэг бий болсон. Энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэхээс өөр дэглэмээр явна. Газрыг нь тусад нь зааж өгөхөөс эхлээд бүхий л зохицуулалт тусан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Чухал хууль батлахыг дэмжиж байгаа. Хог хаягдлын хураамжийн хэмжээг аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. Дээд, доод хязгаар тавьж өгөхгүй бол газар бүр өөр, өөр тогтоож магадгүй. Хураамжийг тогтоохдоо хүн нэг бүрээр тогтоох нь. Энэ тохиолдолд хураамжийн хэмжээ хэд болохоор байгаа вэ. Тооцоо, судалгаа хийгдсэн гэж бодож байна?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:Энэ концепциор улсын хэмжээнд хоггүй болж чадах уу. оновчтой зардал нь хэд гэж үзэж байна вэ. Дунджаар хоггүй болгоно гэж үзэх юм бол хөдөөгийн сумдад хэдэн төгрөг гарах юм, сумын Засаг даргын эхнэр, хамаатан садан нь хогийн компанийг авчихаад өндөр үнэ шахаад байвал яах вэ.
Сумын төвөөсөө хог хаях цэг нь хэдэн км зайтай байх юм, хэн зохицуулж байх юм, нэгдсэн удирдлагаар хангах уу, яах вэ гэсэн асуултыг тавив.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Оюун: Дур, дураараа хогны тариф тогтоохгүй. Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нэгдсэн аргачлалыг гаргана. Одоо Улаанбаатар хотод айл өрх бүр сард 2000 төгрөг, гэр хорооллынхон 2500, хөдөө суманд 800-1000 төгрөгийг хогны хураамжид төлдөг.
Хог хаягдлыг булшлах, дахин цуглуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол дахин боловсруулах тохиолдолд татварын чөлөөлөлт эдлэхээр заасан. Хогны тариф нь 2005 оноос хойш нэмэгдээгүй, гэтэл энэ хугацаанд ус, эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Аж ахуйн нэгж нь хог хаягдлыг хэр бий болгож байгаа вэ гэдгээсээ хамаарна гэсэн тайлбар хийсэн юм.
Мөн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Г.ДАРЬ