Швейцарь Хойд Солонгосын хөрөнгийг царцаажээ

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Швейцарь Хойд Солонгосын хөрөнгийг царцаажээ

Пхеньяны баллистик пуужин, цөмийн хөтөлбөрийн эсрэг Швейцарь улс санхүүгийн хатуу хориг арга хэмжээ авчээ. Швейцарийн Засгийн газраас Хойд Солонгосын тус улс дахь хөрөнгийг царцааж, Пхеньянтай харилцаатай банкны данснуудыг хаасан байна. Швейцарь нь Хойд Солонгостой дипломат үйл ажиллагаанаас бусад Хөдөлмөрийн намын гишүүдтэй шууд болон шууд бус холбоотой банкны данснуудыг хаасан аж. Түүнчлэн Швейцарийн банк санхүүгийн байгууллагыг Хойд Солонгост үйл ажиллагаа явуулахыг хориглож, үйл ажиллагаагаа ирэх зургадугаар сарын 2-оос өмнө зогсоохыг заажээ. Мөн Хойд Солонгосын иргэдийг Швейцарьд физик, компьютерын шинжлэх ухаан, цөмийн инженерийн чиглэлээр суралцахыг хориглосон байна.

Швейцарийн цаг, цасны чарга, гольфын хэрэгсэл зэрэг тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хойд Солонгост худалдаахыг зогсоож, түлш шатахуун нийлүүлэхийг хориглосон байна.  Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгосоос алт, нүүрс, төмөр зэрэг газрын ховор материал Швейцарьт импортлохыг зогсоож байгаа аж.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөж, дараа нь дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр НҮБ болон олон улсын зүгээс хатуу хориг арга хэмжээ авч эхлээд байна.

Эх сурвалж: UPI

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж