Уучлал гуйхыг Обамагаас шаардана гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Уучлал гуйхыг Обамагаас шаардана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Японд болох Их-20-ийн уулзалтад оролцсоныхоо маргааш өдөр Хирошима хотод очих гэж байгаагаа мэдэгдсэн. 1945 оны наймдугаар сард АНУ тус хотод цөмийн бөмбөг хаяснаас хойш энэ хотод хөл тавьж байгаа АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байгаа юм. Гэхдээ Обама Хирошимад очоод энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйх уу, үгүй юу гэдэг асуулт бүхний анхаарлыг татаж байсан. АНУ-ын албаны хүний мэдээлснээр Обама уучлал гуйхгүй.

Японы Атомын бөмбөгдөлтөд нэрвэгсдийн байгууллага харин Хирошимад ирэхдээ уучлал гуйхыг АНУ-ын ерөнхийлөгчөөс шаардах болно хэмээн өнөөдөр /2016.05.19/ Токио хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг Оросын РИА Новости агентлаг дамжууллаа.

"АНУ-ын ерөнхийлөгч уучлал гуйснаар цөмийн бөмбөгийн дэлбэрэлт нь хүмүүнлэг ёсны эсрэг, олон улсын эрхийг зөрчсөн үйлдэл байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх юм” хэмээн тус байгууллагын удирдагчийн нэг Тосики Фужимори хэлсэнийг Японы телевизийн NHK суваг дамжуулжээ. Харин энэ байгууллагын өөр нэг удирдагч Тэруми Танака “цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн хор хөнөөлийн үнэн бодит байдлыг ерөнхийлөгч Обама мэдсэн бол өөрөө уучлал гуйна гэж найдаж байна” гэжээ. "Ядахдаа ганц хохирогчийн үгийг сонсоосой гэж бид хүсч байна. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлал гуйгаасай” гэж Танака хэлжээ.

1945 оны наймдугаар сард АНУ Японы Хирошима, Нагасаки гэсэн хоёр хотод атомын бөмбөг хаяж, үүний улмаас 250 мянган хүн амь үрэгдсэн юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж