Нээлттэй засаглалыг нэр төдий орхимгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Нээлттэй засаглалыг нэр төдий орхимгүй

Нээлттэй Засгийн түншлэлд өдгөө дэлхийн 69 орон нэгджээ. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Одоогоос гурван жилийн өмнө 2013 онд манай улс уг түншлэлд нэгдэн орсон бөгөөд эхний хоёр жилийн ажлынхаа үр дүнг сонсоод амжжээ. Манай улс нээлттэй засаглалыг хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 35 зүйл заалт бүхий таван багц зорилтыг дэвшүүлснээс хоёрын зэрэг ажлыг онцгойлон сайшааж, одоор урамшуулсан гэдгийг өнөөдөр болсон “Нээлттэй засаглалын түншлэл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд онцолсон юм.

Сайшаал хүртсэн ажлын нэг нь Засгийн газрын дэргэдэх 11-11 төв юм. Иргэдийн мэдээллийн төв гэх тодотголтой уг төвийг нээснээр иргэд өөрт тулгамдсан, засаг төрийн ажил албатай холбоотой бүхий л мэдээллийг төр засгийн сонорт түргэн шуурхай хүргэх болсон юм. Тус төвд 40-50 хүн биечлэн ханддаг бол 500 гаруй хүн утсаар холбогддог байна. 11-11 төв долоо хоног тутамд иргэдээс өгсөн мэдээлэлд  анализ хийж, холбогдох албан тушаалтнуудад мэдээллийг хүргээд зогсохгүй эргэж иргэдтэй холбогдон хариу хэлдэг болсон зэрэг нь нээлттэй засаглалын анхдагч хэлбэр болсон хэмээн олон улсын экспертүүд үнэлжээ. Үнэлгээ өндөртэй удаах ажил нь Шилэн дансны хууль. Уг хууль одоогоор бүрэн утгаараа хэрэгжиж, улс орны төсөв санхүү бүхэлдээ тунгалаг болсон гэхгүй ч маш зөв зүйтэй алхам болсон гэсэн үнэлгээг сонсчээ.

Нээлттэй засаглалын түншлэлд тусгасан бусад 30 гаруй зорилго, зорилтын биелэлт тааруухан байна гэж  экспертүүд  зэм хүртээжээ. Тиймээс дараагийн хоёр жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргахдаа онцгойлон анхаарахыг сануулсан юм. Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлэгт Засгийн газар, төрийн харъяаны алба агентлагийн төлөөллөөс гадна төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож, Нээлттэй засаглалын зорилго, зорилтод санаа бодлоо тусгасан юм.

Нээлттэй засаглал гэхээр олонх нь УИХ,  Засгийн газар, цаашлаад төрийн албаныханд л хамаатай мэт ойлгодог. Гэтэл энэ бол хувийн хэвшил, иргэний нийгмийнхэнд ч хамааралтай төдийгүй нэгж байгууллага бүрийн ил тод засаглалаас улс орны нээлттэй засаглал бүрдэнэ гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав онцоллоо.  Засаглалыг нээлттэй байлгахын тулд  манай улсад хийгдэж буй ажил цөөнгүй байгааг тэрбээр тодотгов. НӨАТ-ын тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг  жишээ болгон дурдлаа. Ил тод байдлын хууль хэрэгжсэнээр 33 мянган компани далд нуусан орлогоо илчилж, түүний ачаар 22 их наядаар хэмжигдэж байсан ДНБ 45 их наяд болж байна гэсэн юм. Мөн НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж эхлэх үед 1700 цэгт НӨАТ-ын тусгай кодтой баримт хэвлэж байсан бол энэ тоо өдгөө 36 мянга болон өсч, 53 сая тусгай код бүхий баримт хэвлэжээ. Энэ хэрээр төсөвт төвлөрөх хөрөнгө өснө.

Гэвч нээлттэй нэртэй хаалттай, бүр иргэддээ халгаатай зүйлс олон байгааг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилж, тэр болгоныг нээлттэй ил тод болгох зорилтыг “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-нд оруулахаар санал нэгдсэн юм. 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг урьдын адил таван багцад хуваажээ. Үүнд:

  1. Төрийн үйлчилгээг сайжруулах

  2. Төрийн шударга байдлыг нэмэгдүүлэх

  3. Төрийн нөөц эх үүсвэрийг үр дүнтэйгээр удирдах

  4. Аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бий болгох

  5. Компанийн хариуцлага, эргэн тайлагналыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн таван багц зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Багц тус бүр дотроо 5-8 хэсэгт  задрах бөгөөд тэрхүү зорилт нь хэт ерөнхий биш, биелүүлж болохуйц зорилт байх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзлээ.

Урьд нь Нээлттэй засаглалд тусгасан олон зорилт биелээгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хангах, авлигыг бууруулах гэх мэт биелээгүй зорилтуудыг ирэх хоёр жилийн төлөвлөгөөнд дахин тусгахаар боллоо. Нээлттэй засаглал түншлэлийг нэр төдий орхих бус төрийн үйл ажиллагааг бүх шатанд нь ил тод болгосноор өгөөж нь иргэдэд тусах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж