Айлууд газраа чөлөөлөөгүйгээс замын ажил гацлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Айлууд газраа чөлөөлөөгүйгээс замын ажил гацлаа

Нийслэлийн Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16.35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 километр замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 километр замын өнгө хучилтын ажил одоо үргэлжилж байна. Гүйцэтгэгч “Төгс зам” компани хучилт хийж буй замаа бүрэн хаалгүйгээр, эгнээ эгнээгээр хэсэгчлэн автомашин зорчуулж байгаа юм. Хуваарь ёсоор энэ сарын 25 гэхэд 4.6 киломтер замаа хучиж, зургадугаар сарын 15-нд зам шинэчлэлтийн ажлаа бүрэн дуусгахаар гүйцэтгэгч тал ажиллаж буй гэлээ.

Гэвч Сүхбаатар дүүргийн 29 дугаар хороонд Шаргаморьт руу өгсөх зам дагуу замын ажлын транст орсон 160 мкв талбай иргэн Ч-ийнх газраа чөлөөлж өгөөгүйгээс замын ажил гацжээ. Зам тагласан энэ айлынх зөвшөөрөлгүй газраа зүүн тийш сунгаж, ийнхүү замыг тагласан байна. СБД-ийн Өмч, харилцааны газраас 33 сая 555 мянган төгрөгийг нөхөн төлбөрт нь өгнө гээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд иргэн Ч-г газраа чөлөөлөл гэжээ.

Өөр нэг замын ажил нь гацсан газар бол Чингэлтэй дүүрэг. Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 киломтер авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил ид өрнөж байна. Ялангуяа Чингэлтэйн эцсийн буудлаас Монел дэлгүүр хүртэлх 1.7 км авто замын суурь хучилтын ажил сүүлийн өдрүүдэд явагдаж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаажээ. Энэ замыг мөн зургадугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах ёстой. Гэтэл замын трансд орсон 18 айл одоог хүртэл газраа чөлөөлж өгөөгүй байгаа юм. Дээрх айлуудын долоо нь хашаагаа зөвшөөрөлгүй сунгаж, замын трансыг таглажээ.

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 10 см-ийн зузаантай 8.7 метрийн өргөнтэй, 1.5 метрийн өргөнтэй явган зам, ус зайлуулах хоолойтой 3.3 киломтер авто замыг өргөтгөж, шинэчлэхэд замын хоёр талд буусан 47 айлын газрыг чөлөөлөх шаардлагатай болжээ. Одоогоор газар чөлөөлөлт 80 хувьтай явааг дүүргийнх нь Өмч, газрын харилцааны газраас мэдэгдлээ. Газраа чөлөөлж өгсөн 29 айлд бүгдэд нь нөхөн төлбөр нийслэлээс олгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж