Хилээр аялсан олимпийн бамбарыг угтана

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Хилээр аялсан олимпийн бамбарыг угтана

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-аас  хилийн отрядуудад аялуулсан “Дархан хил-Олимп” бамбарыг МҮОХ-нд хүлээлгэн өгөх ёслол маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн хилийн отрядаар аялан, олон мянган км замыг туулжээ.

Арга хэмжээ маргааш 10.00 цагаас эхлэх бөгөөд МҮОХ, ХХЕГ-ын удирдлагууд, хилийн дугаар ангийн алба хаагчид, Гавьяат тамирчин С.Батцэцэг нарын “Хилчин” спорт хороо, хөнгөн атлетикийн тамирчид оролцоно. Мөн энэ үеэр Олимпийн өдөрт зориулсан бүх нийтийн гүйлт болох ба 13-15 насны оролцогчид 3 км, 16-17 насны тамирчид 5 км зайд уралдах аж.


ОЛИМПИЙН ӨДӨР:

1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж