Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслөөр анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа. Санал хураалтын явцад зарим гишүүн байр сууриа илэрхийлж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслөөр анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж зарчмын зөрүүтэй болон найруулгын санал хураалт явуулав. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асуусан юм. Тэрбээр “Хилийн хуулийг 1990-ээд онд хэлэлцсэн. Хилийн цэргийн албан хаагчид үндсэн цалин дээр нэмэгдэл өгөх заалт оруулсан юм. Энэ заалт одоогийн хуульд байна уу?” гэлээ.
Асуултанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа. “Монгол Улсын Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмнө нь 15 удаа өөрчлөлт орсон. Нэмэгдэл зардлыг хассан зүйл байхгүй. Харин бататгаж өгсөн заалтууд ихээхэн орсон” хэмээн Ж.Энхбаяр хариуллаа.
Т.НОМИН