Газрын ховор элемент далайн ёроолоос илэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Газрын ховор элемент далайн ёроолоос илэрлээ

Дэвшилтэт технологийн гол түүхий эд болсон газрын ховор элементийн эрэлд арлын Япон улс хэдийнэ мордоод байгаа билээ. Тэдний хамгийн чухал зорилт нь далайн ёроолын эрэл хайгуулын ажил байсан юм. Японы хайгуулчид Номхон далайн ёроолоос олборлоход харьцангуй хялбар геологийн бүтэц бүхий газрын ховор элементийн үлэмж орд илрүүлжээ.

Токиогийн их сургуулийн Хөрс судлаач эрдэмтэн, профессор Яширо Като уг нээлтийг Японы Далайн хөрс судлал, технологийн агентлагийн судлаачидтай хамтран нээжээ. Тэд Хавай арлын зүүн, баруун хэсэг болон Францын Полинезийн Таити арлын зүүн хэсэг зэрэг 78 байршилд далайн түвшнээс доош 3500-6000 метрийн гүнд дээж болгон авсан ёроолын шавраас эрдэс олж илрүүлжээ. Эрдэмтэн Като тэрхүү илрүүлсэн ордод 80-100 тэрбум тонн газрын ховор элемент агуулагдаж буй гэж тооцоолжээ.  АНУ-ын Геологийн судалгааны албаны тайланд дэлхийн газрын ховор элементийн тогтоогдсон нөөц 100 гаруй сая тонн гэж өгүүлсэнтэй харьцуулахад энэ нь үлэмж хэмжээний нөөц юм.  Тэрбээр “Ордын ердөө нэг километр квадрат хэсэгт ашиглалт явуулахад одоогийн эрэлтийн 20 хувийг хангах боломжтой” гэжээ.

2010 оноос гол нийлүүлэгч Хятад ховор элементийн экспортоо танаж эхэлсэн билээ. Гэхдээ Хятад улс ийнхүү нийлүүлэлтээ танахаар зэхэж буй талаар хөгжингүй улс орнууд 2010 оны эхний хагасыг дуусах хүртэл “үнэр ч аваагүй” байсан юм. Харин хоёрдугаар хагаст тус улс экспортоо нэгдүгээр хагастай харьцуулахад 70 хувиар огцом бууруулсан юм. Улс орнууд тухайлбал Японы төрийн өндөрлөг, тус улсад өнгөрсөн наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ газрын ховрын экспортоо нэмэгдүүлэх хүсэлт тавьсан хэдий ч Хятад улс тухайн үед огт хөдлөөгүй юм. Одоо ч Хятадын байр суурь улам чангарсаар байна.  Дэлхийн нийт газрын ховор элементийн олборлолтын 90 гаруй хувийг Хятад улс хангаж буй бөгөөд дэлхийн уг түүхий эдийн жилийн хэрэглээ 2010 оны байдлаар 134 орчим мянган тонн байжээ. Эрэлт 2014 онд 200 мянган тоннд хүрэх төлөвтэй байна.

Б. Төгсөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж