Золбин нохдыг устгуулахаар 13 анчинтай гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Золбин нохдыг устгуулахаар 13 анчинтай гэрээ хийжээ

Он гарснаас хойш нохойд хазуулснаас болж 50 гаруй хүн гэмтэж бэртсэн бол дундад ази үүлдрийн нохой хүүхэд барьсан аймшигтай хэрэг гарсан. Хүнд халдсан нохдын цөөнгүй нь эзэнтэй нохой байжээ. Эзэнтэй нохой хүн хазсан бол эзэн нь Монгол Улсын иргэний хууль болоод Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж байгаа бол эзэнгүй золбин нохдыг хэн хариуцах вэ гэсэн асуулт гарна. Тэгвэл нийслэлийн гудамжин дахь золбин нохой, муур устгах ажлыг Улаанбаатар нэгтгэл хариуцдаг ажээ. Зураг дээр харагдаж байгаачлан эзэнтэй, эзэнгүй ноход олноороо цугласан газар нийслэлд цөөнгүй бий. Хотын төвд /тодруулбал, Хөгжим бүжгийн коллежийн өмнө талын цэцэрлэгт/ “хөлхөлдөн” буй эдгээр ноход ганц нэгээрээ яваа хүүхэд багачууд руу дайрч ноцохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид Улаанбаатар нэгтгэлд хандаж, золбин нохой, муур устгалын талаар тодрууллаа.

-Манай байгууллага нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохдыг устгах ажлыг хариуцдаг. Золбин амьтдыг графикаар болон иргэдийн мэдээллийн дагуу устгаж байна. Зөвхөн өчигдөр л гэхэд /2016.05.18/ нийслэлийн хэмжээнд нийт 1153 нохой устгасан.

-Нохой устгалд хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Манай нэгтгэл 13 анчинг гэрээгээр ажиллуулж байна.

-Хуучин Нөөц компани золбин нохой устгалыг хариуцаж байхдаа устгасан нохон арьсыг боловсруулан дах, дэгтий, гутал хийж байсан. Танайх энэ мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?

-Үгүй. Манайх устгасан нохойг шууд булж байгаа. Зарим үед шатаах нь бий. Өвлийн цагт Дарханы нэг компанитай гэрээ хийж, арьсыг нь өгч байсан. Одоо тийм юм байхгүй.

-Нохой устгалыг ганцхан танайх л хариуцдаг юм уу. Хувь хүн болоод хувийн компани энэ чигэлэлийн үйлчилгээ эрхэлдэг үү?

-“Оргил шим хэмнэл”, “Базальт нэгтгэл” гэсэн хоёр компани золбин нохой агнаж байгаа.

-Золбин нохойг агнасны дараа хэрхэн хяналт тавьдаг вэ. Нэгэн үе цайны газрууд нохойн махаар хоол бэлтгэсэн гэх яриа гарч байсан. Энэ мэт эрсдлийг тооцдог уу?

-Тэгэлгүй яахав. Манайхтай гэрээ байгуулсан анчид буудсан нохойгоо бүрэн устгаж байгаа. Тусгай камер тавьж, нарийн хянадаг. Цагаан давааны тусгай камертай газарт устгал хийдэг гэлээ.

Сүүлийн үед хүмүүс тэжээж байсан муур, нохойгоо төөрүүлэх тохиолдол нэмэгджээ. Үүнээс үүдэн харах, хандах эзэнгүй золбин ноход олширч байгаа юм. Үнэтэй, гэрийн нөхцөлд тэжээдэг ганган чамин үүлдрийн ноход хүртэл гудамжинд гарчихсан байх нь бий. Тиймээс золбин ноход олноороо цугласан газрын талаарх мэдээллийг Улаанбаатар нэгтгэлд мэдээлж, устгал хийлгэж болох нь.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж