Нисэх онгоц Газар дундын тэнгист осолджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Нисэх онгоц Газар дундын тэнгист осолджээ

Францын нийслэл Парис хотоос Каир хүрэхээр нисч явсан “Airbus A320-232” онгоцыг Египетийн эргийн ойролцоо Газар дундын тэнгист осолдсон гэж үзэж байна. Нисэх онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө холбоо тасарсан юм. Эрлийн баг Египетийн хойд хэсгийн эргээс 280 км орчимд эрэл хайгуул хийж эхэлжээ. Газар дундын тэнгисийн орчимд хайгуул хийхэд туслахаар Грекийн талаас баг илгээсэн байна. Түүнчлэн Газар дундын тэнгист явж байсан худалдааны хөлөг онгоцны ахмад Карпатос арлаас 130 далай тэнгисийн милл зайд агаарт утаа суунаглаж байсныг Египетийн албаныханд мэдэгдсэн байна.

Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн 66 хүнтэй “MS804” нислэг орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 02.45 цагт радарын дэлгэцнээс алга болсон юм. Холбоо тасрахын өмнө онгоцноос аюулын дохио ирээгүй гэнэ. Зорчигчдын дунд нэг нярай, хоёр хүүхэд зорчиж явжээ. Нислэгт Египетийн 30, Францын 15, Иракийн 2, Их Британи, Бельги, Кувэйт, Саудын Араб, Судан, Чад, Португаль, Алжир, Канадын тус бүр нэг иргэн зорчиж явсан гэнэ. Нисгэгч нь 6000 цагийг агаарт өнгөрөөсөн туршлагатай бол “Airbus A320-232”  онгоц 2003 онд үйлчилгээнд гарсан аж.

Эх сурвалж: RT

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж