ГТЕГ: 400 саяын азтан баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

ГТЕГ: 400 саяын азтан баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ 400 сая төгрөгийн азтантай холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа билээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ.

Тэгвэл н.Цэенпил гэх иргэн “400 сая төгрөгийн азтан болж, баримтаа бүртгүүлтэл намайг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзээд цагдаагаас 2.5 жилийн ял өгнө гэлээ” хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гомдоллож буй.

Өнөөдөр энэ асуудлаар 15.00 цагт Гааль татварын ерөнхий газар /ГТЕГ/, Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ албан ёсны мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд н.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон гэв. QR код гэдэг нь тухайн баримт ГТЕГ-ын төхөөрөмжөөс, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог гэв. Энэ дагуу шалгалт хийж үзэхэд хуурамч болохыг аль хэдийн тогтоосон байхад н.Цэенпил гэх иргэн одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгааг хэллээ.

Харин Цагдаагийн ерөнхий газрын мэдээлж буйгаар ГТЕГ-ын хүсэлтийн дагуу иргэн н.Цэенпилээс тодруулга мэдээлэл авчээ. Харин иргэн н.Цэенпилийн ярьсан шиг байцаалт авч, улмаар 2.5 жилийн ялын асуудал огт яригдаагүй гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү онцоллоо. Хэдийгээр ГТЕГ-аас хуурамч баримт гэдгийг тогтоосон гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас нарийн шинжилгээнд оруулахаар бэлтгэжээ. Б.Баатархүү “Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. ГТЕГ-аас гаргаж өгсөн баримтуудыг ч гэсэн хавсаргах болно” гэлээ.

Тэгвэл н.Цэенпилээс гадна С.Алтанзул гэх иргэн 400 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. С.Алтанзулын баримтны хувьд QR код арилсан учраас үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа юм байна.

ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгын зүгээс НӨАТ-ын баримтыг хуурамчаар болон дуурайлгаж үйлдэх ямар ч боломжгүй гэдгийг онцоллоо. QR кодоор баримтыг шалгаж байгаа учраас хуурамч баримтыг дор нь илрүүлнэ гэлээ. Мөн энэ удаагийн хуурамч баримтны асуудал анхны тохиолдол юм байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж