Нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр бэлтгэж буй эвсэл, бие даагчид Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр /2016.05.19/ хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын “Тусгаар тогтнол,эв нэгдэл” эвсэл, Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын “Эх орончдын нэгдсэн эвсэл” болон 19 бие даагчийг Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан байна. Ингэснээр Нийслэлийн Сонгуулийн хороо МАН, Ардчилсан намыг тулгасан үйлдэл хийж байгааг мэдээллэх зорилготой өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа аж.
Хоёр эвсэл, 19 бие даагчийг бүртгээгүйд тэд гомдолтой байгаа учраас Нийслэлийн Сонгуулийн хороонд өргөдөл өгөхөөр болсон байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
–Сонгуулийн тухай хуульд зааснаар НИТХ-д эвсэл нэр дэвшинэ гэсэн заалт байдаггүй. Зөвхөн нам нэр дэвшинэ гэсэн заалт бий. Тэгэхээр та бүхэн хууль зөрчөөд байгаа юм биш үү?
-Сонгуулийн тухай хуулийн 14.1-т Сонгууль болохоос 180 хоногийн өмнө байгуулагдсан нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй нам, эвсэл, бие даагч гэсэн гурван субьект бий. Тиймээс ганцхан эвслийг ялгаж үзэх боломжгүй. Хэрэв эвсэл сонгуульд орж болохгүй гэж үзээд байгаа юм бол түүнийгээ тодорхой хуульчилж өгөх ёстой байсан. Бид Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Хуульд нийцэж байна гэсэн хариуг өгсөн. Тиймээс ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлмээр байна.
–Нийслэлийн Сонгуулийн хорооноос танай эвслийг бүртгэхээс татгалзсан шийдвэрээ нэгэнт гаргачихлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандахаас өөрөөр ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?
-Нийслэлийн Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрээ эргэж харна. Гурван хоногийн дотор шийдэж өгнө гэсэн хариу өгсөн. Нэгэнт тийм хариу ирсэн болохоор бид одоохондоо ямар нэгэн алхам хийгээгүй байна.
Т.ДАВААНЯМ