В.Путин АДБХОБ-ны тэргүүнийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

В.Путин АДБХОБ-ны тэргүүнийг хүлээн авч уулзав

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 18-нд Сочи хотноо Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны тэргүүн Зинь Лицюнийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар харилцан ярилцсан байна. Энэ банк ОХУ-ын газар нутаг дээр зарим төслийг санхүүжүүлж байгаа юм.

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дэлхийн 57 орныг гишүүнээр нэгтгэж байгаа дэлхийн санхүүгийн байгууллага юм.Хоёр жилийн өмнө байгуулагдсан энэ банкны дүрэм ёсоор тус банк Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад хэрэгжих дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх замаар энэ бүс нутгийн орнуудын хөгжлийн хоорондын ялгааг багасгах зорилготой.

Тус банкны гишүүн орнууд дунд ОХУ оруулсан хөрөнгөөрөө БНХАУ, Энэтхэгийн дараа орж байгааг ерөнхийлөгч В.Путин онцлоод байгуулагдаад удаагүй АДБХОБ нь дэлхийн санхүүгийн бүтцэд өөрийн гэсэн байр суурийг эзэлж ОУВС, Дэлхийн банкны зиндаанд очно гэж бодож байгаагаа хэлжээ. ТрансСибирийн төмөр зам, Хойд тэнгисийн тээврийн замыг бий болгох, Алс Дорнодын эдийн засгийн бүсийг бий болгох зэрэг томоохон төслүүдийг энэ банкинд санал болгож байгаагаа В.Путин мөн хэллээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж