Өмнөговь аймгийн МАН-ынхан Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр /2016.05.19/ мэдээлэл хийлээ. Тэд аймгийнхаа Сонгуулийн хороог Захиргааны хэргийн шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн юм.
Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгааг тэд шүүмжиллээ. Тус аймгийн Номгон сумын наймдугаар тойрогт нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшсэн Б.Батаа нарыг Өмнөговь аймгийн сонгуулийн хороо бүртгэж авахаас татгалзжээ. Учир нь, тэднийг Сонгуулийн хуулийн 154.3.3-т “Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, 158.1.2-т Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, 158.1.3 Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсвэл хуурамч бол” гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.
Гэвч С.Цэрэнбаяр болон Б.Батаагийн компани татварын өргүй, бүхий л бичиг баримтаа бүрдүүлсэн ч, бүртгэхээс татгалзсан Сонгуулийн хороо нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна гэж Өмнөговь аймгийн МАН-ынхан хэвлэлийн хуралд онцоллоо.
Тус аймгийн Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр бол Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэлээ. Тиймээс тус аймгийн МАН-ынхан аймгийнхаа Сонгуулийн хороог Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр болжээ.
Т.ДАВААНЯМ